Бэйсболын MLB лигийн Канзас-Сити Роялс багийн шүтэн бишрэгчид одоогийн байдлаар томоохон түгшүүртэй байна. Багийн гол найдвар, залуу од Бобби Уитт тоглолтын дундуур хүнд бэртэл авч, талбайг орхисон нь багийнханд хүнд цохилт боллоо.
Канзас-Сити Роялс энэ улиралд AL Central бүсэд 27 хожил, 39 хожигдолтойгоор сүүл мушгиж яваа ч сүүлийн хоёр цувралд дараалан ялалт байгуулж, сэргэлтийн шинж тэмдэг үзүүлээд байсан юм. Гэвч энэхүү амжилтын ард ийм таагүй мэдээ хүлээж байв. Бобби Уитт нь энэ улиралд 0.284-ийн дундаж үзүүлэлттэй цохиж, 9 хоум-ран (home run) хийж, 23 удаа бэйс хулгайлсан гээд багийнхаа довтолгооны гол хөдөлгүүр нь байсан юм.
Бобби Уитт бол АНУ-ын бэйсболын лигийн ирээдүйтэй залуу тоглогчдын нэг бөгөөд түүний тоглолтын хэмнэл, хурд нь багийн амжилтад шууд нөлөөлдөг. Одоогоор түүний бэртлийн зэргийг нарийвчлан тогтоогоогүй байгаа ч багийн удирдлага болон хөгжөөн дэмжигчид түүнийг удаан хугацаагаар талбайгаас гадна өнжих вий гэхээс ихэд болгоомжилж байна.
Хэрэв Уитт удаан хугацаагаар тоглох боломжгүй болбол Роялс багийн хувьд энэ улирлыг амжилттай дуусгах магадлал эрс буурах юм. Багийн удирдлагууд эмнэлгийн шинжилгээний хариуг хүлээж байгаа бөгөөд түүнийг орлох тоглогчдын асуудлыг ч мөн хөндөж эхлээд байна.