Их Британийн алдартай хөгжмийн фестиваль болох Wireless-ийн захирал Мелвин Бенн тус арга хэмжээнд рэппер Канье Уэстийг урьж оролцуулах гэж байгаад цуцлагдсан үйл явдлын талаар анх удаа ам нээлээ. Канье Уэст нь өмнө нь антисемит буюу еврейчүүдийн эсрэг үзэл баримтлал гаргаж, нацизмыг дэмжсэн хэмээн шүүмжлэлд өртөөд байсан юм.
Түүнийг фестивальд уригдсаны дараа Их Британийн Ерөнхий сайд Сэр Кейр Стармер уг шийдвэрийг “гүнээ түгшүүртэй” хэмээн нэрлэж, олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Үүний улмаас Pepsi, Diageo, PayPal болон Rockstar Energy зэрэг томоохон ивээн тэтгэгчид Wireless фестивальтай хамтын ажиллагаагаа зогсоосон байна. Түүнчлэн, Их Британийн засгийн газар Канье Уэстийг улсын хилээр нэвтрэхийг хориглосноор тоглолт албан ёсоор цуцлагдсан билээ.
Мелвин Бенн NME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ явдлаас авсан гол сургамж нь “цаг хугацаа” гэдгийг онцолжээ. Тэрээр: “Бид уучлал үзүүлэх нь хүний хувьд чухал чанар гэж боддог ч, энэ удаагийн үйл явдал цаг хугацаа ямар чухал болохыг харууллаа” хэмээн ярьсан байна. Мөн тэрээр Wireless фестиваль ирээдүйд дахин зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Нөгөөтэйгүүр, Антисемитизмын эсрэг тэмцэгч байгууллагууд засгийн газрын энэхүү шийдвэрийг зөв алхам боллоо хэмээн дэмжиж, фестиваль ашгийн төлөө улайран Канье Уэстийг хамгаалж байсан нь ичгүүртэй үйлдэл гэж шүүмжилсэн юм. Канье Уэстийн хувьд өмнө нь гаргасан үйлдлүүддээ харамсаж буйгаа илэрхийлсэн ч олон нийтийн зүгээс түүнийг тоглолтод оролцуулахыг эсэргүүцсээр байсан билээ.
Мелвин Бенн одоо Reading & Leeds фестивалийн бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээг “Reading & Leeds 2.0” хэмээн нэрлэж, тайз засал болон аренаг бүхэлд нь шинэчлэн тохижуулж байгаагаа мэдээллээ.