UFC-ийн шинжээч, ахлах дасгалжуулагч Дин Томас-ын эргэн тойрон дахь шүүмжлэл улам ширүүсэж байна. Өнгөрсөн бямба гарагт болсон UFC 330 тэмцээний үеэр Жиллиан Робертсон Маккензи Дернд ялагдсаны дараа тэрээр тамирчныг буланд гарч дасгалжуулахаа больж, зодог тайлж буйгаа зарласан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ. Тэгвэл уг явдлын дараа 34 настай тулаанч Келвин Гастелум түүнийг бүр ч ноцтой хэрэгт буруутгав.

Гастелум X хуудсаараа дамжуулан 2016 оны долоодугаар сард болсон UFC 201 тэмцээний үеэр Томас тагнуул хийсэн гэж мэдэгджээ. Тухайн үед Робби Лоулер хагас дунд жингийн аваргын бүсээ Тайрон Вүүдлигийн эсрэг хамгаалж байсан юм. Гастелумын бичсэнээр бол Дин Томас Лоулерын бэлтгэлийн баазын чухал мэдээллийг Вүүдлигийн талд задруулсан ба улмаар уг тулаанд Вүүдли нэгдүгээр үед хүнд цохилтоор ялж шинэ аварга болж байжээ.

Эдгээр мэдэгдэл бодитой эсэхийг тодорхойлоход хэцүү ч Дин Томас тухайн тулаанд Вүүдлигийн дасгалжуулагчаар ажиллаж, түүнийг аварга болоход голлох үүрэг гүйцэтгэсэн нь үнэн юм. Гастелум мөн түүний Робертсоноос уучлалт гуйсныг олон нийтийн уур хилэнг намжаах гэсэн үйлдэл хэмээн үзэж, чин сэтгэлийнх биш гэж тодорхойлжээ.

Томас өмнө нь UFC-ийн Deep Waters нэвтрүүлгийн үеэр Робертсоны тулааны дараа тийм мэдэгдэл хийсэндээ уучлалт хүсэж, өөрийгөө "дэндүү хувиа хичээсэн", "хариуцлагагүй" үйлдэл гаргаж, тамирчны мөчийг хулгайлсандаа харамсаж буйгаа хэлсэн юм. Мөн шууд дамжуулалтын үеэр Робертсоныг "түүний хүрч чадах дээд цэг нь энэ байж магадгүй" гэж хэлсэндээ уучлалт гуйжээ. Гэвч Жиллиан Робертсон сэтгүүлч Хельванид өгсөн тайлбартаа Томасын хувийн чатаар хийсэн мэдэгдлүүдээс болж уг уучлалтад эргэлзэж байгаагаа илэрхийлээд, одоогоор түүнтэй ярилцах бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна.