Сагсан бөмбөгийн домогт тоглогч асан Коби Брайант 1978 оны 8-р сарын 23-нд мэндэлсэн бөгөөд жил бүрийн энэ өдөр түүний дурсгалыг олон нийт өргөн хүрээнд хүндэтгэн өнгөрүүлдэг билээ. Түүний эгч Шаяа Брайант "Born To The Game" подкастад оролцох үеэрээ энэ өдөр түүний хувьд баяр ба гуниг зэрэгцсэн хүндхэн цаг мөч болдог тухай ярьсан байна.
Коби болон түүний 13 настай охин Жианна тэргүүтэй есөн хүн 2020 оны 1-р сарын 26-нд Калифорни мужийн Калабасаст нисдэг тэрэгний ослоор амиа алдсан юм. Зургаан жилийн хугацаа өнгөрсөн ч хагацлын шарх бүрэн эдгэрдэггүйг Шаяа хуваалцжээ. Тэрээр олон нийтийн сүлжээгээр дүүгийнх нь бичлэгүүд цацагдахыг харах дуртай ч нөгөө талаар шархыг нь дахин сэдрээдэг тул 8-р сарын 23-ныг "сайхан бөгөөд хараал мэт" хэмээн тодорхойлсон байна.
Энэхүү өдөр Шаяагийн гэр бүлийн хувьд бас нэгэн чухал утга агуулдаг аж. Түүний охин Отумн (Autumn) 2008 оны 8-р сарын 23-нд буюу Кобигийн төрсөн өдрөөр мэндэлжээ. Тухайн үед Коби Бээжингийн олимпод АНУ-ын шигшээ багт тоглож алтан медаль хүртэхээр өрсөлдөж байсан бөгөөд охин нь төлөвлөсөн хугацаанаасаа хоёр өдөр хоцорч, яг өөрийнх нь төрсөн өдрөөр төрнө гэдгийг таамаглаж байжээ.
Охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэхийн зэрэгцээ дүүгээ үгүйлэн гашуудах нь сэтгэл зүйн хувьд амаргүй байдгийг Шаяа нуугаагүй бөгөөд энэ бүхнийг даван туулахад амаргүй байдаг гэдгээ илэрхийлжээ.