АНУ-ын Корнеллийн их сургуулийн оюутан байсан нэгэн эмэгтэй 2024 онд “Chi Phi” нийгэмлэгийн долоон гишүүнд согтоогч бодисоор хордуулж, хүчирхийлүүлсэн хэмээн есдүгээр сард шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан юм. Тэрээр өөрийг нь хамгаалж, хангалттай хариу арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр Корнеллийн их сургууль болон бусад этгээдийг мөн шүүхэд өгөөд байгаа бөгөөд нэхэмжлэлээ Жэйн Доу гэх зохиомол нэрээр гаргажээ. Гэсэн ч уг хэрэг дээр эхний ээлжинд эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.
Энэхүү хэрэг маргаан үргэлжилж байх үед улс төрийн тоймч Майкл Трэйси есдүгээр сарын 28-нд нэхэмжлэгч эмэгтэйн бодит нэр, хувийн мэдээллийг ил болгохыг цахим орчинд олон нийтээс уриалсан юм. Тэрээр үнэнийг нь шалгахын тулд түүний нэрийг нийтлэхэд бэлэн байгаагаа дурдаж, энэ нь АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөгдсөн гэж мэдэгджээ.
Үүний хариуд нэхэмжлэгчийн хувийн мэдээллийг хамгаалахыг хүссэн цахим хэрэглэгчид нэгдэж, “Би бол Жэйн Доу” (I am Jane Doe) хөдөлгөөнийг эхлүүлэв. Комедианууд, зохиолчид болон сошиал сүлжээний олон хэрэглэгчид “Threads” талбарт “Би бол Жэйн Доу” хэмээн өөрсдийн нэртэйгээ нийтэлж байна. Энэ нь эв санааны нэгдлийг харуулахаас гадна хайлтын системд жинхэнэ нэрийг нь олоход түвэгтэй болгох зорилготой юм.
Мөн Reddit платформ дээр хэрэглэгчид хайлтын систем болон хиймэл оюуны хэрэгслүүдийг төөрөлдүүлэх зорилгоор зориуд худал нэрс нийтэлж эхэлжээ. Харин TikTok сүлжээнд эмэгтэйчүүд энэ үгийг бичлэг дээрээ байршуулан, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан хувийн түүхээсээ хуваалцаж байна. Нөгөө талд, уг асуудлыг шүүмжлэх гэж мэдээллийг нь дахин хуваалцах нь эсрэгээрээ хувийн мэдээллийг улам түгээх эрсдэлтэйг зарим хэрэглэгчид сануулжээ.