Криптовалютын зах зээл сүүлийн жилүүдэд байгаагүй сул үзүүлэлттэй байна. CryptoQuant судалгааны байгууллагын мэдээлснээр, крипто биржүүд дээрх жижиг хөрөнгө оруулагчдын арилжааны идэвх эрс буурч, зах зээлийн эргэлт хамгийн доод түвшинд хүрээд байгаа аж. Энэхүү нөхцөл байдал нь крипто биржүүдийг орлогоо нөхөхийн тулд бизнесийн загвараа өөрчлөхөд хүргэжээ.
Өмнө нь зөвхөн Биткойн, Этериум зэрэг дижитал хөрөнгөөр дагнаж байсан биржүүд одоо Уолл-стритийн хэв маягт шилжиж байна. Тодруулбал, тэд алт, мөнгө, газрын тос, томоохон компанийн хувьцаа болон индексийн арилжааг өөрийн платформ дээрээ нээлттэй болгож эхэллээ. Энэ нь крипто биржүүд зөвхөн криптовалютаар хязгаарлагдахгүй, уламжлалт санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүнийг борлуулдаг “бүх төрлийн хөрөнгийн бирж” болон хувирч байгааг харуулж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, жижиг хөрөнгө оруулагчид эрсдэлтэй крипто зах зээлээс хөндийрч байгаа нь биржүүдийг илүү тогтвортой, уламжлалт хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн рүү түлхэж байна. Энэхүү өөрчлөлт нь крипто биржүүдийн хувьд арилжааны эргэлтээ хадгалах, хэрэглэгчдээ алдахгүй байх гэсэн цор ганц гарц болж байгаа юм.
Монголын хөрөнгө оруулагчдын хувьд ч энэхүү хандлага анхаарал татаж байна. Олон улсын крипто биржүүд ийнхүү төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх болсон нь хэрэглэгчдэд нэг дороос олон төрлийн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа ч, нөгөө талаас крипто зах зээлийн өсөлтийн хурд саарч байгааг илтгэх дохио болж байна. Ирээдүйд крипто биржүүд болон уламжлалт хөрөнгийн биржүүдийн зааг ялгаа улам бүр бүдгэрэх хандлагатай байна.