Сүүлийн өдрүүдэд дэлхийн криптовалютын зах зээлд томоохон савалгаа үүсэж, хөрөнгө оруулагчдыг түгшээгээд байна. Биткойн (Bitcoin) болон Этериум (Ether) тэргүүтэй голлох коинуудын ханш сүүлийн хэдэн жилийн хугацаанд байгаагүйгээр огцом унаж, зах зээлийн үнэлгээ ердөө долоо хоногийн дотор 390 тэрбум ам.доллароор хорогджээ. Энэхүү үзүүлэлт нь 2022 онд дэлхийн томоохон биржүүдийн нэг байсан FTX дампуурсны дараах хамгийн том уналт гэж шинжээчид дүгнэж байна.

Зах зээлийн энэхүү уналт нь долоо хоногийн эхээр хөрөнгө оруулалтын томоохон фирм болох “Strategy”-ийн биткойны эзэмшлээ зарж, ашиг олох шийдвэр гаргаснаас эхлэлтэй гэж үзэж байна. Энэ үйл явдал нь зах зээлд итгэл алдрах уур амьсгалыг бүрдүүлж, дараалан үргэлжилсэн борлуулалтын давалгааг өдөөжээ. Крипто арилжаачид болон хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол нэмэгдэхийн хэрээр ханшийн уналт улам хурдассан нь ийнхүү асар их хөрөнгийг зах зээлээс гадагшлуулахад хүргэв.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ удаагийн хямрал нь зөвхөн нэг компанийн шийдвэрээс бус, глобал эдийн засгийн тодорхойгүй байдал болон хөрөнгө оруулагчдын эрсдэлээс татгалзах хандлагатай шууд холбоотой. Биткойн нь дижитал алт гэгддэг ч сүүлийн үед уламжлалт хөрөнгийн зах зээлтэй нягт уялдаатай болсон нь ийм төрлийн савалгаанд илүү эмзэг болоход нөлөөлж байна.

Одоогийн байдлаар зах зээл тогтворжих эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд крипто сонирхогчид болон арилжаачид дараагийн алхмуудаа маш болгоомжтой хийх шаардлагатай байна. Uujim.com та бүхэндээ энэхүү томоохон өөрчлөлтийн талаарх шинэ мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.