Орчин үеийн өндөр хүчин чадалтай лазер зэвсгийг байлдааны талбарт ашиглахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг нь эд ангийн засвар үйлчилгээ юм. Америкийн батлан хамгаалах технологийн Attalon компани энэ асуудлыг шийдвэрлэх зорилготой Kilowatt Interconnect (kWIC) Disconnect хэмээх шинэ системийг танилцууллаа.
Технологийн шийдэл
Урьд нь лазерын өсгөгч гэмтсэн тохиолдолд шилэн кабелийг залгах (splicing) шаардлагатай байсан нь маш нарийн, төвөгтэй ажиллагаа байв. Энэ нь тусгай бэлтгэл, тоног төхөөрөмж шаарддаг тул байлдааны талбарт цаг хугацаа их зарцуулдаг, хүндрэлтэй процесс байсан юм. Харин шинээр бүтээгдсэн kWIC Disconnect нь кабелийн залгаасыг орлох залгуур (plug) юм. Ингэснээр оператор хүн эвдэрсэн өсгөгчийг шууд салгаж, шинээр солих боломжтой болж байна.
Энэхүү шинэчлэл нь засварын ажлыг хэдэн өдрөөс хэдхэн минут руу бууруулах боломжийг олгож, лазер зэвсгийн байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн энэ нь лазерын нарийн төвөгтэй эд ангийг "Line-Replaceable Unit" (LRU) буюу хээрийн нөхцөлд солих боломжтой бүрэлдэхүүн хэсэг болгон хувиргаж байгаа юм.
Түүхэн нөхцөл байдал
АНУ-ын батлан хамгаалах салбар 1950-иад оноос хойш нисэх онгоц болон газрын техникийн засварыг хурдасгах зорилгоор LRU технологийг ашиглаж ирсэн. Тухайлбал, M1 Abrams танк болон AN/SPY-6 радар системүүд нь ийм зарчмаар бүтээгдсэн байдаг. Гэсэн хэдий ч лазер зэвсгийн дотоод механизм нь маш мэдрэмтгий тул өнөөг хүртэл засвар хийхэд тусгай цэвэр өрөө (clean room) шаардлагатай байсаар ирсэн. Батлан хамгаалахын гэрээт компаниуд сүүлийн хорь орчим жилийн турш хээрийн нөхцөлд засварлах боломжтой лазер зэвсгийг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд Attalon компанийн энэхүү шийдэл нь уг зорилгод хүрэх томоохон алхам болох юм.