Дэлхийд алдартай "Game of Thrones" цувралын од, жүжигчин Лена Хиди Холливудын кино үйлдвэрлэлд оршин тогтнодог ёс зүйгүй, хүчирхийлэгч эрчүүдэд олгодог "хачирхалтай хамгаалалт"-ыг эрс буруушаажээ. Тэрээр өөрийн бүтээж, гол дүрд нь тоглосон BBC-гийн радио жүжиг болох "Intimacy"-ийн талаар The Telegraph сонинд ярилцлага өгөх үеэрээ энэ тухай онцолсон байна.
Түүний шинэ бүтээл нь ажлын байран дээрээ хүчирхийлэлд өртөж байсан найруулагчтайгаа дахин таарч буй интим зохицуулагч бүсгүйн тухай өгүүлдэг. Хиди энэ талаар ярихдаа, салбарт эрх мэдэл бүхий эрчүүдийн нөлөө их, харин эмзэг байр суурьтай жүжигчин эмэгтэйчүүд амьжиргаагаа залгуулахын тулд ажлаасаа татгалзаж чаддаггүй байдал нь өөрийг нь маш их уурлуулдаг гэжээ.
"Нэг л хүний улмаас бүхэл бүтэн ажлын үйл явц утгаа алдаж, тэр хүн ямар нэгэн байдлаар хариуцлагаас мултарч үлддэг нь гайхмаар" хэмээн тэрээр өгүүлсэн байна. Түүний хэлснээр, 2017 онд дэлхий даяар өрнөсөн #MeToo хөдөлгөөн л энэ төрлийн хүчирхийлэл салбар даяар түгээмэл байгааг олон нийтэд ил болгосон аж.
Жүжигчин бүсгүй өөрийн карьерын эхэн үед тулгарч байсан бэрхшээлүүдийн талаар ч нээлттэй ярьжээ. Тухайн үед залуу жүжигчдэд киноны дүрд тоглохын тулд секс болон нүцгэн зураг авалтад орох нь "заавал давах ёстой даваа" мэтээр ойлгуулдаг байсан нь түүнийг ихээхэн зовоодог байв. Тэрээр 2017 онд продюсер Харви Вайнштейн-ээс бэлгийн дарамт амсаж байснаа ч мөн дурдсан юм.
Төгсгөлд нь Хиди өнөөгийн залуу жүжигчдийн хандлага эрс өөрчлөгдсөнийг онцлоод, тэд илүү мэдээлэлтэй, өөрийгөө хамгаалах чадвартай болсныг тэмдэглэжээ. "Одоо үеийн залуус 'Би үүнийг хийхгүй' гэж шулуухан хэлдэг болсон" хэмээн тэрээр нэмж хэлэв.