Уулын цанын олимпын аварга Линдси Вонн өнгөрсөн өвлийн олимпын үеэр хүнд бэртэл авч, хөлөө тайруулах эрсдэлтэй тулгарч байсан ч хүнд хэцүү сэргээн засах эмчилгээ, нийт найман удаагийн мэс заслыг даван туулжээ.

Тэрээр 2-р сарын 8-нд болсон Милан-Кортинагийн өвлийн олимпын хурдны буултын (downhill) тэмцээнд оролцож байхдаа эхлээд ердөө 13 секунд өнгөрч байхад хаалт шүргэн осолдсон юм. Эмнэлгийн ажилтнууд түүнийг нисдэг тэргээр Италийн Тревизо хотын эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд шинжилгээгээр гэмтэл нь анх бодсоноос хавьгүй хүнд байв. Линдсигийн шилбэний яс, шилбэний дээд хэсэг (tibial plateau), болон хавиргалжин ясны толгой хугарсан байснаас гадна баруун шагайгаа хугалсан байжээ. Түүнчлэн тэрээр олимпоос өмнө өөр бэртлийн улмаас зүүн өвдөгний чагтан холбоосоо (ACL) тасалсан байсан юм. Ослын улмаас бэртсэн хөлд нь аюултай даралтын хам шинж (compartment syndrome) үүсэж, хөлөө тайруулахгүйн тулд яаралтай мэс засалд орсон байна.

Италийн эмнэлэгт хоёр долоо хоног эмчлүүлсний эцэст АНУ-руу буцаж, Колорадод зургаан цаг гаруй үргэлжилсэн томоохон мэс засал хийлгэжээ. Нийт найман удаагийн хагалгаа хийлгэж, хөлөндөө олон тооны металл бэхэлгээ суулгуулсан тэрээр саяхан Red Gala ёслолд таяггүй оролцсон байна.

Улмаар 8-р сарын 24-нд тэрээр сэргээн засах явцынхаа нэгэн том амжилтыг олон нийтэд хуваалцлаа. Вонн BORA-hansgrohe багийн өмсгөлтэйгээр, нохойтойгоо зургаа татуулахаас гадна засмал замын дугуй унаж буйгаа харуулсан байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа: “Засмал замын дугуйгаа анх удаа дахин уналаа... би уйлсан. Би маш их баяртай бас талархаж байна. #onestepatatime” хэмээн сэтгэгдлээ бичжээ.