Шинэ Зеландын алдарт дуучин Лорд Spotify стриминг платформ дээр нэвтрүүлсэн хиймэл оюуны тусламжтайгаар дууны утгыг тайлбарлах "About the Song" функцийг эрс шүүмжилжээ. Тэрээр энэхүү функц нь дууны утгыг буруу тайлбарлаж, сонсогчдын чөлөөт сэтгэлгээг хязгаарлаж байна гэж үзэж байна.
Маргаан үүсгэсэн уг асуудал нь Лордын 2025 онд гаргасан "Virgin" цомогт багтсан "Current Affairs" дуутай холбоотой юм. Spotify-н хиймэл оюун уг дууг тайлбарлахдаа Лордыг "Ultrasound" аялан тоглолтынхоо үеэр тайзан дээр дотуур хувцастайгаа ус асгаруулдаг гэх мэтээр ташаа мэдээлэл оруулжээ. Үнэн хэрэгтээ Лордын тоглолтын үеэр ус асгаруулдаг үзүүлбэр нь "GRWM" дууны үеэр болдог байна.
Лорд өөрийн Instagram хуудсаараа дамжуулан "Spotify-д хандаж хэлэхэд, бидэнд энэ зүйл хэрэггүй. Энэ нь буруу мэдээлэл төдийгүй дууны утгыг хиймэл оюунаар хязгаарлах нь буруу юм. Уран бүтээлчдэд энэ функцийг ашиглахаас татгалзах боломжийг олгооч" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Spotify-н хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ, "About the Song" функцийг сонсогчид дууны цаадах түүхийг илүү гүнзгий мэдэхийг хүсдэг тул бүтээсэн гэдгээ тайлбарлав. Мөн энэ нь одоогоор туршилтын шатанд байгаа бөгөөд алдаа гарсан тохиолдолд хурдан засахыг хичээж байгаагаа мэдэгдсэн байна.
Дуучин Лордын хувьд энэ нь хиймэл оюуны технологийг эсэргүүцэж буй анхны тохиолдол биш юм. Тэрээр өмнө нь Мадрид хотод болсон хөгжмийн наадмын үеэр хиймэл оюуны технологи бүхий нүдний шилийг шүүмжилж, "Бидний ертөнцөд юу бодит, юу хуурамч болохыг ялгахад улам хэцүү болж байна" хэмээн онцолж байв.