Поп хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч Мадонна өөрийн шинэ уран бүтээл болох CONFESSIONS II цомгоороо Billboard 200 жагсаалтыг тэргүүллээ. Долдугаар сарын 18-ны өдрөөр бичигдсэн энэхүү чартын амжилт нь дуучин бүсгүйн хувьд 10 дахь удаагаа чартын оргилд гарсан явдал юм.

Энэхүү амжилтаараа тэрээр Billboard 200 чартад дор хаяж 10 удаа №1 байрт бичигдсэн 11 дэх уран бүтээлч, мөн гурав дахь эмэгтэй дуучин болж байна. Мадонна анх 1985 онд 'Like a Virgin' цомгоороо Billboard-ыг тэргүүлж байсан түүхтэй. Шинэ цомог нь 2005 онд гарсан 'Confessions on a Dance Floor' цомгийн үргэлжлэл бөгөөд тухайн үед хамтран ажиллаж байсан продюсер Стюарт Прайстай дахин нэгджээ.

Дөрөвдүгээр сарын 15-нд зарлагдаж, долдугаар сарын 3-нд худалдаанд гарсан уг цомог нь 2019 оны 'Madame X' цомгоос хойшхи анхны студийн цомог болж байна. Billboard 200 нь АНУ-ын хамгийн алдартай цомгуудыг эрэмбэлдэг бөгөөд үүнд цомгийн борлуулалт, стриминг болон дууны татан авалтын тоог нэгтгэн тооцдог байна.

Billboard-ын зүгээс 1956 оны гуравдугаар сараас эхлэн долоо хоног бүр гаргаж буй энэхүү чартын шинэчилсэн мэдээлэл долдугаар сарын 14-нд албан ёсны вэбсайтад бүрэн эхээрээ нийтлэгдэх юм.