Поп хөгжмийн ертөнцийн домогт дуучин Мадонна өөрийн 15 дахь студийн цомог болох 'CONFESSIONS II'-оо гаргаснаар Billboard 200 чартын нэгдүгээр байрт дахин бичигдлээ. Энэхүү амжилт нь түүний Billboard чартын оргилд гарсан 10 дахь тохиолдол болж байна.

Долдугаар сарын 18-ны байдлаар Billboard 200 чартыг тэргүүлсэн энэхүү цомог нь 2020-оод онд чартыг тэргүүлсэн анхны цомог болсон төдийгүй түүнийг дөрвөн өөр арван жилд чартыг тэргүүлсэн анхны уран бүтээлч болголоо. Мадонна өөрийн Instagram хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлж, энэ бүхэн зүүд мэт санагдаж байгаагаа хуваалцжээ. Тэрээр "Миний мөрөөдөл бол энэ зун хүмүүсийг бүжиглүүлж, баяр баясгалан бэлэглэх байсан. Мөрөөдөл биелдэг юм байна" хэмээн сэтгэгдлээ бичсэн байна.

'CONFESSIONS II' цомгийн нээлтийн үйл ажиллагаа болох 'Club Confessions' арга хэмжээ долдугаар сарын 11-нд Нью-Йоркийн Квинс хотод болсон бөгөөд уг арга хэмжээнд Стюарт Прайс, DJ Honey Dijon, Kaytranada нар оролцсон юм. Долдугаар сарын 3-нд худалдаанд гарсан 16 дуутай уг цомогт Feid, Martin Garrix, түүний охин Лола Леон, Stromae болон Сабрина Карпентер зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд багтжээ. Үүнээс гадна Сабрина Карпентертэй хамтарсан 'Bring Your Love' дуу нь Billboard Hot 100 чартад багтсан байна.

Зургадугаар сард болсон Tribeca фестиваль дээр 'Confessions II—The Film' нэртэй бүтээлийг олон нийтэд танилцуулсан бөгөөд уг кинонд 'I Feel So Free', 'Good for the Soul', 'One Step Away', 'Bring Your Love', 'Danceteria', 'Read My Lips' зэрэг зургаан дууг багтаасан байжээ.