Дэлхийн поп хөгжмийн хатан хаан гэгддэг Мадонна (Madonna), Өмнөд Солонгосын алдартай DJ Пегги Гоу (Peggy Gou) нар хамтарч ажиллахаар болжээ. Billboard сэтгүүлийн мэдээлснээр, Пегги Гоу Мадоннагийн “I Feel So Free” дууг ремикс хийж байгаа бөгөөд удахгүй олон нийтэд хүргэхээр төлөвлөж байгаа аж.

Пегги Гоу өөрийн Инстаграм хуудсандаа уг дууны 13 секундын хэсгээс дээж болгон танилцуулсан нь фэнүүдийн дунд маш их хүлээлт үүсгээд байна. Мадоннагийн хувьд энэ нь залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллах бас нэгэн шинэ алхам болж байгаа юм. Пегги Гоу бол дэлхий даяар электроник хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирж буй, өвөрмөц хэв маягтай DJ билээ. Түүний хит дуунууд болох “Starry Night”, “(It Goes Like) Nanana” зэрэг нь дэлхий даяар олон сая сонсогчтой.

Энэхүү хамтын ажиллагаа нь Мадоннагийн фэнүүд болон электроник хөгжим сонирхогчдын дунд маш их шуугиан тарьж байна. Ялангуяа Пегги Гоугийн ремикс хэрхэн гарах бол гэдэг нь маш сонирхолтой байгаа бөгөөд удахгүй бүрэн эхээр нь сонсохыг тэсэн ядан хүлээж байна.