Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн хатан хаан гэгддэг Мадонна өөрийн шинэ цомог болох 'Confessions II'-оо танилцуулахаар зэхэж байгаа билээ. Тэгвэл тус цомогт багтсан 'Danceteria' хэмээх дууны зохиогчдын дунд рок хөгжмийн домог, 'The Velvet Underground' хамтлагийн ахлагч асан Лу Ридийн нэр байгаа нь хөгжим сонирхогчдын дунд багагүй шуугиан тариад байна.
Лу Рид бол 1960-аад оны үед рок хөгжмийг цоо шинэ түвшинд гаргаж, альтернатив рок урсгалын эцэг хэмээн алдаршсан нөлөө бүхий уран бүтээлч юм. Түүний нэр Мадоннагийн шинэ бүтээлд хэрхэн холбогдсон нь олон хүний сонирхлыг татаж байгаа ч үүний цаана маш энгийн бөгөөд сонирхолтой түүх бий. 'Danceteria' дуу нь 1980-аад оны үед Нью-Йорк хотын шөнийн амьдралын төв, домогт бүжгийн клуб байсан 'Danceteria'-д зориулагдсан бүтээл юм.
Мадонна тус дууг бүтээхдээ Лу Ридийн уран бүтээлийн хэв маяг болон тухайн цаг үеийн Нью-Йоркийн соёлоос санаа авчээ. Хэдийгээр Лу Рид 2013 онд таалал төгссөн ч түүний хөгжмийн өв, бүтээлч байдал ийнхүү орчин цагийн поп хөгжимд нөлөөлсөөр байгаа нь түүнийг хэчнээн том уран бүтээлч байсныг дахин нэг баталж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь поп болон рок хөгжмийн гайхалтай нэгдэл болно гэж хөгжмийн шүүмжлэгчид таамаглаж байна.
Мадоннагийн хувьд энэхүү цомог нь түүний карьерын хамгийн онцлох бүтээлүүдийн нэг болох төлөвтэй байгаа бөгөөд 'Danceteria' дуу нь сонсогчдыг 80-аад оны Нью-Йоркийн эрч хүчтэй уур амьсгал руу хөтлөх биз ээ.