Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум өсвөр насныханд хүчирхийлэл бүхий контент үзүүлэх, санал болгохыг сошиал сүлжээ болон стриминг платформуудад хориглосон ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурлаа.
Энэхүү шийдвэр нь Коауила мужийн Торреон хотын дунд сургуульд өмнө нь суралцаж байсан хоёр сурагч сургуулийн дэд захирлыг хөнөөж, бусад сурагч руу халдсан ноцтой хэргийн дараа гарч байна. Эрх баригчдын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдүүд цахим орчин дахь хүчирхийлэл, туйлширсан үзэл бүхий контентоос сэдэл авсан байжээ.
Шинэ журмын хүрээнд үзэн ядалтын үг хэллэг, туйлшрал, бэлгийн мөлжлөг, амиа хорлолт, өөрийгөө гэмтээх, хооллолтын эмгэг, цахим дээрэлхэлт болон бусад хууль бус үйлдлийг дэмжсэн эсвэл өдөөсөн контентод хязгаарлалт тавьж байна. Мөн платформуудаас хэрэглэгчийн насыг баталгаажуулах болон эцэг эхийн хяналтын тохиргоог нэвтрүүлэхийг шаардаж байгаа юм.
Технологийн компаниудад шинэ шаардлагыг биелүүлэхэд нэг сарын хугацаа олгоод буй. Хэрэв заасан хугацаанд өөрчлөлт хийхгүй бол зөрчил гаргагчдад хариуцлага тооцох хоёр дахь хуулийг түргэвчилсэн журмаар батлуулахаа Ерөнхийлөгч мэдэгдлээ. Албаныхан энэхүү шийдвэрийг зарлахаас өмнө Meta, TikTok, Google зэрэг томоохон технологийн компаниудын удирдлагуудтай уулзсан бөгөөд одоогоор эдгээр компани ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Мексик улс өнгөрсөн есдүгээр сард ерөнхий боловсролын сургуулиудад гар утас ашиглахыг бүрэн хориглож, таблетын хэрэглээнд хязгаарлалт тогтоосон юм. Дэлхий даяар өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд болон цахим дарамтын талаарх санаа зовнилоос үүдэн хүүхдүүдийн сошиал сүлжээний хэрэглээг хязгаарлах арга хэмжээг олон улс судалж байгаа бөгөөд Австрали улс 16-аас доош насныханд сошиал сүлжээг бүрэн хориглосон анхны орон болсон билээ.