Хөгжим сонсох үед тухайн уран бүтээлчийг бодит хүн мөн эсэхийг шалгах нь сонсогчдын хийх ёстой үндсэн ажил биш байсан билээ. Гэвч сүүлийн үед хиймэл оюун ухаанаар (AI) бүтээсэн дуунууд олширч, хэн эсвэл юу зохиосныг нь мэдэхэд бэрх болоод байна. Үүнтэй холбогдуулан Google-ийн YouTube Music болон Францын Deezer платформ шинэ боломжуудаа танилцууллаа.
YouTube Music ба Deezer-ийн шийдэл
YouTube Music платформын зүгээс сонсогчдын ил тод байдлыг хүссэн хүсэлтийн дагуу хиймэл оюунаар бүтээгдсэн дуунуудад тусгай шошго байршуулж эхэллээ. Энэхүү 10-р сарын 14-нөөс хэрэгжиж буй шошго нь генератив AI ашиглан зохиосон ая, хоолой бүхий дууны тоглуулагч дээр шууд харагдах бөгөөд дээр нь дарахад дэлгэрэнгүй мэдээлэл гарах аж. Энэхүү тэмдэглэгээ мөн YouTube-ийн үндсэн аппликэйшнд нэвтрэх бөгөөд дуунуудыг түншүүдтэйгээ хамтран болон өөрсдийн илрүүлэх хэрэгслээр тодорхойлж байна.
Харин Францын Deezer платформ бүрэн хиймэл оюунаар хийгдсэн дуунуудыг хайлтын илэрцээс бүрэн нуух тохиргоог 2026 оны эцэс гэхэд дэлхий даяар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Алексис Лантернье хэрэглэгчдийн зүгээс AI дууг шүүх тодорхой шаардлага байгааг онцолсон юм. Deezer одоогоор илрүүлсэн AI дуунуудыг алгоритмын болон редакцийн санал болгох жагсаалтад оруулдаггүй бөгөөд шинэ тохиргоо нь зөвхөн бүрэн AI-аар үүсгэсэн дуунуудад хамаарна.
Spotify болон Apple Music-ийн чиг хандлага
Бусад платформууд ч уг асуудалд өөр өөрийн замаар хандаж байна. Тухайлбал, Spotify наймдугаар сард зарлаж, есдүгээр сарын дундаас нэвтрүүлсэн "AI Persona" тэмдэглэгээгээрээ бодит хүний дүр төрх бүхий хиймэл уран бүтээлчдийн профайлыг ялгаж, тэднийг санал болгох жагсаалтаас хасдаг. Гэхдээ энэ нь дууг хэрхэн хийснийг нарийвчлан тодорхойлдоггүй байна.
Нөгөө талд, мэдээлэгдсэнээр Apple Music-ийн "Transparency Tags" нь бичлэг, ая зохиомж, ковер зураг эсвэл клипэнд AI ашигласан эсэхийг лейбл болон түгээгчид өөрсдөө мэдүүлснээр нарийвчлан тэмдэглэх боломж олгодог ажээ.