NBA-ийн Миннесота Тимбервулвз баг саяхан Жонатан Кумингатай хоёр жилийн 12.4 сая ам.долларын гэрээ байгуулахаар тохиролцсоны дараа дахин нэг гэнэтийн солилцоо хийлээ. Шамс Чараниягийн мэдээлснээр, Тимбервулвз баг Жош Грийн болон бэлэн мөнгийг Юта Жазз баг руу илгээж, оронд нь Коди Уильямс болон Жон Кончар нарыг авахаар тохиролцсон байна.

Энэхүү шийдвэр нь Миннесота багт Жонатан Кумингатай гэрээ байгуулахад шаардлагатай санхүүгийн боломжийг бий болгож байгаа юм. Жош Грийний 14.7 сая ам.долларын цалинг шилжүүлснээр татварын дундаж түвшний чөлөөлөлтийг (taxpayer midlevel exception) ашиглан Кумингаг албан ёсоор бүртгэх орон зай үүсэж байна. Жош Грийн нь өмнө нь ЛаМело Боллын солилцоогоор Миннесотад ирээд байсан бөгөөд 2025-26 оны улиралд хязгаарлагдмал минутад дунджаар ердөө 4.3 оноо авч, голчлон хамгаалалтад ашиглагдаж байжээ.

Миннесота баг 21 настай, 2024 оны драфтын №10 сонголт Коди Уильямсыг бүрэлдэхүүндээ үлдээх төлөвтэй байна. Тэрээр 2025 оны NBA-ийн аварга Оклахома Сити Тандер багийн тоглогч Жейлен Уильямсын дүү юм. Коди өнгөрсөн улиралд Юта багт 24 минутад 8.8 оноо, 3.0 самбар, 2.0 оновчтой дамжуулалт дунджилсан байна. Түүнийг солилцоонд багтсаны дараа ах Жейлен Уильямс нь Инстаграмдаа "Зул сараар уулзъя, дүү минь" хэмээн нийтэлжээ.

Харин нөгөө тоглогч Жон Кончарын хувьд Тимбервулвз түүний гэрээг цуцалж, сунган хуваарилах (waiving and stretching) төлөвтэй байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд авч үлдэх шаардлагагүй гэж үзэж байгаа бололтой.