АНУ-ын дуучин, ая зохиогч Ноа Кахан сүүлийн долоо хоногт уран бүтээлийн болон хувийн амьдралынхаа хамгийн оргил үеийг үдэж байна. Тэрээр Бостоны алдарт Фенвэй Парк цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн өдөр дараалан тоглолтоо бүрэн дүүрэн үзэгчтэйгээр зохион байгуулсан анхны уран бүтээлч болж түүхэнд бичигдлээ. Энэхүү цуврал тоглолтуудад нийт 150,000 гаруй хөгжмийн хорхойтнууд цугларсан байна.
Массачусетс мужийн захирагч Маура Хили долдугаар сарын 11-ний өдрийг тус мужид "Ноа Каханы өдөр" хэмээн албан ёсоор зарлажээ. Түүнийг тус бүс нутгийн амьдрал, хүмүүс, туршлагыг дуундаа шингээж чаддаг уран бүтээлч хэмээн онцолсон байна. Тоглолтын үеэр түүнтэй хөлбөмбөгийн од Дрейк Мэй, бейсболын домог Дэвид Ортиз, Роб Гронковски нар холбогдож баяр хүргэсэн бол түүний ээж Лаури Беркенкамп хүүгээ Фенвэй Паркийн Хөгжмийн алдрын танхимд багтаасан тухай баярт мэдээг дуулгажээ. Ингэснээр тэрээр Билли Жоэл, Пол Маккартни нарын алдартнуудтай нэг эгнээнд бичигдэж байна.
Уран бүтээлчийн амжилт үүгээр дууссангүй. Тэрээр Бостоны гольфын клубт тоглож байхдаа нэг цохилтоор бөмбөгөө нүхэнд оруулсан (hole-in-one) гайхалтай амжилт үзүүлснээ хуваалцсан юм. Түүний энэ долоо хоногийн амжилт үүгээр зогсохгүй бөгөөд удахгүй Чикаго хотын Ригли Филдэд хоёр өдрийн тоглолтоо хийхээр төлөвлөж байна.