Дэлхийд алдартай хэвлэл мэдээллийн байгууллага болох Нью-Йорк Таймс (New York Times) компани хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч OpenAI болон технологийн аварга Microsoft компаниудын эсрэг хуулийн дагуу тэмцэж байна. Тус сонин 2023 онд эдгээр компанийг өөрсдийн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, зохиогчийн эрх зөрчсөн хэмээн үзэж шүүхэд гомдол гаргасан юм.
Тус хэвлэлийн газрын зүгээс энэхүү шүүх хуралд 20 сая гаруй долларыг зарцуулаад байгаа бөгөөд хэвлэлийн газрын захирал А.Г. Сулзбергер энэхүү тэмцлээ зогсоох бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Технологийн салбарын томоохон тоглогчид болох OpenAI болон Microsoft нь өөрсдийн хиймэл оюун ухааны загваруудыг сургахдаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын контентыг ашигладаг нь ийнхүү шүүхийн маргаан үүсгэх гол шалтгаан болсон байна.
Одоогоор энэхүү шүүхийн маргаан үргэлжилж байгаа бөгөөд Нью-Йорк Таймс нь сэтгүүл зүйн салбарыг хиймэл оюун ухааны нөлөөнөөс хамгаалах чиглэлд тууштай зогсож байна.