Технологийн салбарт шинээр гарч ирж буй Orchid хэмээх стартап компани нь хэрэглэгчийн өмнөөс хувийн болон ажлын асуудлыг зохицуулах чадвартай хиймэл оюун ухаант туслахыг танилцууллаа. Уг туслахыг сурталчилсан видео бичлэг цахим орчинд хүчтэй шүүмжлэл дагуулж, олон сая үзэлтийг цуглуулжээ.
Хиймэл оюун ухаан хайр дурлалыг автоматжуулах нь
Сурталчилгааны видео бичлэгт хосуудын нэг нь ойн баяраа мартсан тохиолдолд Orchid хэрхэн ажиллаж байгааг харуулдаг. Тухайн хүн ойн баяраа мартсаныг хиймэл оюун ухаант туслах мэдээд, нөгөө талтай нь холбогдон оройн хоолны захиалга хийж, цэцэг хүргүүлэн, бүх үйл явцыг хяналтандаа авч байгааг дүрсэлжээ. Гэвч уг үйлчилгээ нь олон нийтийн дунд маргаан дэгдээж, романтик харилцааг хүртэл автоматжуулж буй явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн олон зуун сэтгэгдэл хөвөрсөн байна.
Orchid юу хийдэг вэ?
Orchid нь өөрийгөө хэрэглэгчтэй текст мессежээр харилцдаг хувийн туслах хэмээн тодорхойлдог. Тус компани нь хэрэглэгчдэд имэйл удирдах, уулзалт товлох, аялал төлөвлөх, бэлэг сонгох, нэхэмжлэх боловсруулах болон хувийн чухал тэмдэглэлүүдийг сануулах зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн өглөөний мэдээг танилцуулах, цаг агаар шалгах, хоолны дэглэм хянах, эм уух цагийг сануулах зэрэг давтагдах зуршлуудыг ч тохируулах боломжтой.
Одоогоор уг бүтээгдэхүүн нь Gmail болон Google Calendar-тай интеграцчлагдан ажиллаж байгаа бөгөөд Outlook, Slack, Notion зэрэг платформуудтай холбогдох боломж удахгүй нэмэгдэх юм байна. Тус компанийн үүсгэн байгуулагч Низар Аби Захерын хэлснээр, Orchid нь олон хүнд нэгэн зэрэг харилцаж, мэдээлэл солилцох боломжийг олгодог аж. Гэсэн хэдий ч, уг үйлчилгээ нь голчлон үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчид болон хуульчид зэрэг цаг зав багатай мэргэжилтнүүдэд зориулагдсан гэдгээ онцолжээ.