Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас АНУ-д ойн түймэр гарах эрсдэл жилийн туршид үргэлжлэх болсонтой холбогдуулан гал унтраах шинэ технологиудыг хөгжүүлж байна. Энэ зун Калифорни болон Аляска мужид ус болон гал унтраах бодис цацах чадвартай дронуудыг түймрийг эрт шатанд нь унтраах зорилгоор туршиж эхэлжээ.

Эдгээр дрон нь ихэвчлэн нисэх онгоцноос хавьгүй бага хэмжээтэй, нислэгийн зай нь богино тул том оврын онгоцнуудын гүйцэтгэдэг их хэмжээний ус, бодис хүргэх ажлыг бүрэн орлох боломжгүй юм. Гэсэн хэдий ч компаниуд болон гал унтраах байгууллагууд, мөн 11 сая долларын XPRIZE тэмцээнийг зохион байгуулагчид дроныг ашиглан жижиг түймрийг газар авахаас нь өмнө хурдан шуурхай унтраах боломжийг судалж байна.

Туршилтын үйл явц

Калифорнийн Ойн аж ахуй, гал түймэртэй тэмцэх газар буюу CAL FIRE өөрийн бие даасан таван дроныг ашиглан хамтарсан туршилт хийжээ. KPMH телевизийн мэдээлснээр, долдугаар сарын 15-нд явагдсан уг туршилтаар дронууд хамтран 500-аас 1,000 галлон хөөс цацаж түймрийг дарах ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Энэхүү үзүүлэх сургуулилт, туршилтыг FireWERX ашгийн бус байгууллага болон Калифорнид төвтэй Seneca компанийн тусламжтайгаар зохион байгуулжээ. Seneca компани нь өөрсдийн бүтээсэн гал унтраах дронуудыг 2026 оноос эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөж байна.