Америкийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Пибо Брайсон харвалтын улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай Billboard сэтгүүл мэдээллээ. Түүний биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна.
Пибо Брайсон нь 1970-аад оноос хойш R&B, поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр хүчтэй байр суурийг эзэлсэн уран бүтээлч юм. Тэрээр Селин Дионтой хамтран дуулсан “Beauty and the Beast” (Үзэсгэлэнт гүнж ба араатан), Регина Беллтэй хамтран дуулсан “A Whole New World” (Цоо шинэ ертөнц) зэрэг Диснейн хүүхэлдэйн киноны дуунуудаараа дэлхий дахинд алдаршсан. Эдгээр дуунууд нь Оскарын шагнал хүртэж, Брайсоныг олон улсад таниулсан юм.
Түүний хит дуунуудаас “If Ever You're in My Arms Again”, “Tonight, I Celebrate My Love” зэргийг дурдаж болно. Пибо Брайсон нь Грэммийн хоёр шагнал хүртсэн бөгөөд олон арван жилийн турш хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан гарамгай уран бүтээлч билээ.
Бид түүнд эрүүл энхийг хүсэн ерөөж, хурдан эдгэрэхийг хүсэж байна.