Холливуудын од, “Элвис” киногоороо Монголын залуусын танил болсон жүжигчин Остин Батлер саяхан YSL Beauty (Ив Сен Лоран) брэндийн MYSLF Eau de Toilette Intense нэртэй шинэ үнэртэй усны нүүр царай болсон билээ. Тэрээр энэхүү сурталчилгаанд өөрийн бүжиглэх авьяасаа гайхуулж, фэнүүдийнхээ анхаарлыг ихэд татсан байна.

Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Батлер зөвхөн жүжигчний карьераар хязгаарлагдахгүй байгаагаа онцолжээ. Тэрээр хөгжим гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ойрын ирээдүйд энэ тал дээр ажиллахаа амласан байна. “Хөгжим бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Би үргэлж хөгжим сонсож, тоглож, дуулж байдаг. Тиймээс нэг өдөр өөрийн гэсэн хөгжмөө гаргахыг хүсэж байна” гэж тэрээр ярьжээ.

Түүнчлэн Батлер ажил ихтэй байсан сүүлийн жилүүдийн дараа өөртөө зав гаргаж, амрахын чухлыг мэдэрч байгаагаа хэлсэн. Тэрээр саяхан л “Дюна: Хоёрдугаар хэсэг” кинонд тоглож, дүрээ амжилттай бүтээсэн. “Амрах нь бидэнд шинэ санаа төрүүлж, эрч хүч өгдөг. Би өөрийгөө цэнэглэж, дараагийн төслүүдэд бэлтгэх хэрэгтэй байна” гэж онцолсон байна.

Остин Батлерын YSL Beauty-тэй хамтарсан сурталчилгаа нь түүний фэнүүдийг баярлуулж, түүний хөгжмийн гарааг тэсэн ядан хүлээхэд хүргэж байна. Uujim.com сайт цаашид түүний уран бүтээлийн талаарх мэдээллийг хүргэх болно.