Хүүхэд насны дурсамж сэргээсэн Покемон картууд өнөөдөр зүгээр нэг цуглуулга биш, харин крипто зах зээлийн шинэ "од" болжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд блокчэйн технологид суурилсан платформууд дээр Покемон картуудын токенжуулсан худалдаа огцом өсөж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Энэхүү үзэгдлийн гол хөдөлгүүр нь "gacha" буюу санамсаргүй байдлаар ховор карт хожих систем юм. Хэрэглэгчид дижитал платформууд дээр тодорхой хэмжээний крипто валют төлж, нууцлаг хайрцаг нээдэг бөгөөд дотроос нь ямар карт гарч ирэх нь тодорхойгүй байдаг. Энэ нь уламжлалт хөзрийн тоглоомыг Web3 технологитой хослуулж, илүү өргөн хүрээний хөрөнгө оруулагчдыг татаж байгаа хэдий ч шүүмжлэл дагуулах болжээ.
Зарим хүмүүс энэхүү системийг мөрийтэй тоглоомтой адилтгаж байгаа бол, платформ хөгжүүлэгчид үүнийг зүгээр л цуглуулгын шинэ хэлбэр хэмээн тайлбарлаж байна. Дижитал хэлбэрт шилжсэн Покемон картууд нь блокчэйн дээр бүртгэгддэг тул жинхэнэ эсэхийг нь баталгаажуулах боломжтой бөгөөд энэ нь цуглуулагчдын хувьд хамгийн том давуу тал болж байгаа юм.
Покемон бол Японы Nintendo компанийн бүтээсэн, дэлхий даяар алдартай хүүхэлдэйн кино болон тоглоомын цуврал юм. Өдгөө энэхүү брэнд нь крипто ертөнцийн хурдацтай хөгжиж буй NFT (Non-fungible token) зах зээлтэй холбогдсоноор, ховор картуудын үнэ тэнгэрт хадаж, хөрөнгө оруулалтын томоохон хэрэгсэл болоод байна. Гэвч ийм төрлийн хөрөнгө оруулалт нь эрсдэл өндөртэй тул залуу хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хандахыг санхүүгийн шинжээчид анхааруулсаар байна.