Дэлхийд алдартай The Beatles хамтлагийн гишүүн, рок хөгжимчин Пол Маккартни (Paul McCartney) болон ирэх жил дэлгэцнээ гарах Beatles-ийн тухай кинонд Маккартнигийн дүрийг бүтээхээр болсон Ирланд жүжигчин Пол Мескал (Paul Mescal) нар хамтран богино хэмжээний кинонд тогложээ. Энэхүү кино нь Amazon Prime Video-гоор гарах "In Conversation" цувралын нэг хэсэг бөгөөд Маккартнигийн шинэ цомгийн талаар ярилцах зорилготой аж.

"Boys of Dungeon Lane" нэртэй уг кинонд хоёр Пол уран бүтээлийн талаар ярилцаж, хоорондоо туршлага солилцож байгаа дүр гардаг байна. Мескал өмнө нь "Normal People" зэрэг олон ангит кинонд тоглож, нэр хүндтэй жүжигчин болсон бөгөөд Маккартнигийн дүрийг хэрхэн гаргах нь үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байна.

Пол Маккартни сүүлийн жилүүдэд уран бүтээлээ идэвхтэй гаргаж байгаа бөгөөд энэ удаагийн Amazon-тай хамтарсан төсөл нь түүний фэнүүдэд шинэ цомгийг нь хүлээх бас нэг шалтгаан болж байна. Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй цацагдах төлөвтэй байна.