Поп хөгжмийн ертөнцийн амьд домог, “Поп хатан хаан” гэгддэг Мадонна шүтэн бишрэгчдээ баярлуулсан гэнэтийн бэлэг барилаа. Тэрээр “Confessions II The Film” нэртэй 14 минутын богино хэмжээний киногоо цацсан нь одоогийн байдлаар интернэт орчинд хамгийн их яригдаж буй сэдэв болоод байна.
Энэхүү бүтээл нь Мадоннагийн 2005 онд гаргасан алдарт “Confessions on a Dance Floor” цомог болон түүнийг тойрсон дурсамжуудаас сэдэвлэн бүтээгджээ. Киноны хамгийн онцлох хэсэг нь дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан алдартнуудын оролцоо юм. Тодруулбал, сүүлийн үед дэлхийн хөгжмийн чартуудыг тэргүүлж буй дуучин Сабрина Карпентер, жүжигчин Бенедикт Камбербэтч, топ модель Кэйт Мосс, жүжигчин Жулия Гарнер болон хөлбөмбөгийн од Коул Палмер зэрэг олон алдартан энэхүү төсөлд нэгдсэн байна.
Мадонна өөрийн карьерын туршид үргэлж шинэлэг, зоригтой шийдлүүдийг гаргадгаараа алдартай. Энэ удаагийн бүтээл нь зөвхөн хөгжим төдийгүй соёл урлагийн салбарын нөлөө бүхий хүмүүсийг нэг дор цуглуулснаараа онцлог болжээ. Хэдийгээр 14 минут үргэлжлэх богино хэмжээний кино ч гэлээ, Мадоннагийн хэв маяг, эрч хүчтэй дүрслэлүүд нь шүтэн бишрэгчдийг нь 2000-аад оны үе рүү аялуулах шиг боллоо хэмээн шүүмжлэгчид онцолж байна.
Та бүхэн энэхүү өвөрмөц бүтээлийг Мадоннагийн албан ёсны сувгуудаар хүлээн авч үзэх боломжтой. Поп хөгжмийн ертөнцөд дахин нэгэн шинэ хуудсыг нээсэн энэхүү кино нь олон нийтийн сүлжээнд хүчээ авсаар байна.