Мэргэжлийн боксын WBC холбооны хагас дунд жингийн аварга Райан Гарсиа өрсөлдөгч Конор Беннтэй хийх тулааныхаа өмнө сошиал ертөнцөд дахин олны анхаарлыг татаж эхэллээ. Тэрбээр уг тулаанд бүрэн төвлөрч, бэлтгэлээ эрчимжүүлж байгаа мэт харагдаж байсан ч өрсөлдөгчөө шоглосон ээлжит бичлэгээ цацсан байна.
Энэ удаад Гарсиа өрсөлдөгч Беннтэй үүссэн уур амьсгалыг холимог тулааны UFC холбооны экс аварга Конор Макгрегорын энергийн ундааны брэндийн сурталчилгаатай холбожээ. Гарсиа өөрийн Instagram хуудсандаа "Конор Бенн MAC Energy-г дийлэхгүй байж... намайг яаж дийлэх юм бэ? 9-р сарын 12" гэсэн тайлбартай богино бичлэг нийтэлсэн байна.
Бичлэгт Бенний дүрийг дуурайлган бүтээсэн жүжигчин Макгрегорын харшид урилгаар зочлон цай ууж байхад нь хүмүүс барьцаалж, Гарсиа дээр аваачиж буйгаар дүрсэлжээ. Төгсгөлд нь Гарсиа түүнийг усан сан руу түлхэж унаган, 9-р сарын 12-ны тулаанд хүнд цохилтоор ялна гэдгээ сануулдаг.
Бодит байдал дээр Гарсиа, Макгрегор нар биечлэн танил эсэх, хамтран ажилладаг эсэх талаар ямар нэг мэдээлэл байхгүй юм. Тэдний уулзаж байсан хамгийн тод үйл явдал нь Гарсиа Жервонта Дэвист хүнд цохилтоор ялагдсаны дараа Макгрегор тайзны ард түүнтэй ярилцаж буй бичлэг ажээ.
Райан Гарсиа болон Английн боксчин Конор Бенн нарын WBC аваргын бүсийн төлөөх тулаан T-Mobile Arena ордонд Мексикийн тусгаар тогтнолын баярын амралтын өдрүүдээр буюу 9-р сарын 12-нд болох товтой байна.