Рок хөгжмийн домог, 81 настай Род Стюарт удахгүй зодог тайлахаа сануулсан байна. Тэрээр 2027 онд Их Британид хийх "One Last Time" буюу "Сүүлчийн удаа" тоглолтын дараа тайзнаас бууж магадгүй гэдгээ Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Тэр үед би 82 хүрчихсэн байна. Тэгээд л болоо байх даа” хэмээн Стюарт хэлсэн байна. Тэрээр сүүлийн 60 гаруй жилийг тайзан дээр өнгөрүүлсэн бөгөөд олон сая шүтэн бишрэгчтэй болсон юм.

Род Стюарт бол “Maggie May”, “Da Ya Think I’m Sexy?”, “Forever Young” зэрэг олон арван хит дууг бүтээсэн, дэлхий даяар 120 сая гаруй цомог борлуулсан, хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг билээ. Түүний тоглолтууд нь эрч хүчтэй, үзэгчдийг байлдан дагуулсан байдлаараа алдартай.

Хэдийгээр тэрээр зодог тайлах тухай ярьж байгаа ч 2027 он хүртэл түүнийг тайзан дээрээс харах боломж хэвээр байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь түүний сүүлчийн тоглолтуудад оролцох боломжийг алдахгүй байхыг хичээх биз ээ.