Их дуулгын 20 удаагийн аварга, Швейцарын алдарт теннисчин Рожер Федерер Олон улсын теннисний алдрын танхимд залагдах ёслолын өмнө өгсөн ярилцлагадаа зодог тайлсны дараах сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр 2022 онд Лондон хотноо болсон "Laver Cup" тэмцээнд өөрийн гол өрсөлдөгч Рафаэль Надальтай хамт тоглож, нулимс дуслуулан зодог тайлж байсан билээ.
"The Athletic"-ийн сэтгүүлч Мэттью Фаттерманд өгсөн ярилцлагадаа Федерер байнгын дарамт, шахалтаас ангижирсандаа тайвширч байгаагаа дурдсан байна. Тэрбээр "Байнгын шахалт, түгшүүрийг дахин мэдрэхгүй болсондоо үнэхээр сэтгэл амарч байна. Энэ нь намайг ядарсан гэж хэлмээргүй байгаа ч..." хэмээн өгүүлж, үгээ бүрэн дуусгалгүй чимээгүй өнгөрчээ. Талбай дээр болон гадна үргэлж ямар ч бэрхшээлгүй, хөнгөн тоглодог мэт харагддаг түүний хувьд энэ нь тун ховор илэн далангүй тайлбар болсон юм.
Мөн тэрбээр саяхан 2019 оноос хойш анх удаа Arthur Ashe цэнгэлдэхэд эргэн ирж, үзүүлэх тоглолтуудад оролцжээ. Тэрбээр ганцаарчилсан төрөлд Энди Роддикийг 6-3 харьцаагаар хожиж, хос тоглолтод Жон Макинройтой хамтран Энди Роддик, Андре Агасси нарын хосыг 7-5 харьцаагаар буулган авсан байна.
Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр түүнээс их спортдоо эргэн ирэх эсэхийг асуухад Федерер бүрэн үгүйсгэсэн хариулт өгчээ. Түүний бие махбод болон оюун санаа нь өрсөлдөөнт түвшнээс бүрэн хөндийрсөн бөгөөд одоо тэрбээр теннисийг зөвхөн хөгжөөн дэмжигчийн хувиар үзэж, таашаал авч байгаагаа онцолсон байна.
Род-Айленд мужийн Ньюпорт хотноо болох уг ёслолоор түүнийг тоглогчийн ангилалд Алдрын танхимд албан ёсоор залах бөгөөд энэ үйл явдалд түүний эцэг эх, эхнэр болон дөрвөн хүүхэд нь оролцохоор төлөвлөжээ.