Рок хөгжмийн ертөнцийн амьд домог, алдарт "The Rolling Stones" хамтлагийн гоцлол дуучин Мик Жэггер Оксфорд хотын нэгэн жижиг пабад гэнэтийн тоглолт хийж, тэнд байсан оюутнууд болон үйлчлүүлэгчдийг алмайрууллаа.

Өдгөө 80 настай рок од маань тус хотын нэгэн пабад энгийн хувцастай орж ирээд, гитар барин "Handsome Molly" хэмээх уламжлалт дууг дуулжээ. Энэхүү дуу нь түүний 1993 онд гаргасан бие даасан "Wandering Spirit" цомогт багтсан бүтээл юм. Түүнийг гэнэт ийнхүү гарч ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй байсан бөгөөд пабад байсан оюутнууд түүнтэй хамт дуулж, энэ үдшийг мартагдашгүй өнгөрөөсөн байна.

Мик Жэггер нь дэлхийн рок хөгжмийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний удирддаг "The Rolling Stones" хамтлаг нь 60 гаруй жилийн турш дэлхийн тайзнаа тасралтгүй уран бүтээлээ туурвиж буй домогт хамтлаг билээ. Ийнхүү дэлхийн хэмжээний од хүн ямар ч сүр дуулиангүйгээр энгийн иргэдийн дунд орж ирэн, хөгжимдөж байгаа нь түүний урлагт хандах чин сэтгэлийг илтгэж байна.

Энэхүү үйл явдлын бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр хурдтай тархаж, шүтэн бишрэгчдийнх нь дунд томоохон шуугиан тариад байна.