АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жүниор (RFK Jr.) YouTube сувгаар “The Real Food Show” нэртэй шинэ хоолны шоу нэвтрүүлгийг хөтлөн явуулж эхэллээ. АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас (HHS) мэдээлснээр, энэхүү цуврал нь үзэгчдэд энгийн бөгөөд төсөвт хэмнэлттэй хоолыг хэрхэн бэлтгэхийг заах зорилготой аж. Энэхүү шоу нь түүний “Make America Healthy Again” (MAHA) мөрийн хөтөлбөрийн нэг салбар хэсэг бөгөөд нэвтрүүлэгт тусгай зочид оролцож, өөрсдийн дуртай хоолыг сайдтай хамтран бэлтгэхээс гадна хоол тэжээлийн зөвлөгөөг хүргэх юм байна.
Эхний дугаарт Fox News-ийн “Gutfeld!” нэвтрүүлгээр алдаршсан ахлах тогооч Эндрю Груэл оролцож, тэд хамтдаа алим, цагаан шош, ногооны салаттай шаржигнуур яргай загасны коттлет бэлтгэжээ. Энэхүү хөтөлбөрийн гол цөм нь Кеннедигийн “урвуу” хүнсний пирамид бөгөөд үүнд уураг, жимс, хүнсний ногоо болон бүхэл үрийг чухалчилдаг байна. Кеннеди эхний дугаартаа “Ерөнхийлөгч Трампын ачаар бид хүнсний пирамидыг урвуулан эргүүлж, жинхэнэ хоолыг Америкчуудын тавагны төвд эргүүлэн авчирлаа” хэмээн мэдэгджээ. Гэвч эрүүл мэнд, хоол тэжээлийн олон мэргэжилтнүүд түүний энэхүү зөвлөмжүүд үнэхээр эрүүл эсэхэд эргэлзэж байна.
“Урвуу” хүнсний пирамид гэж юу вэ?
Америкчуудад зориулсан хоолны удирдамжид шинэчлэн тусгагдсан энэхүү шинэ пирамидыг өмнөх хувилбарыг нь орлуулахаар 2026 оны нэгдүгээр сард танилцуулжээ. Үүнийг “урвуу” хүнсний пирамид гэж нэрлэх болсон шалтгаан нь уураг, сүүн бүтээгдэхүүн, эрүүл өөх тос, мөн жимс, хүнсний ногоог доошоо харсан пирамидын хамгийн өргөн хэсэгт байрлуулсанд оршино. Харин пирамидын хамгийн нарийн үзүүрт бүхэл үр тариаг багтаажээ.
Шинэ удирдамжид биеийн жингийн килограмм тутамд өдөрт 1.2–1.6 грамм уураг авахаар тооцож, хоол бүртээ уураг хэрэглэхийг зөвлөсөн байна. Мөн өдөрт 2,000 калорийн дэглэм баримталдаг хүн өдөр бүр 3 порц тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн, 3 порц хүнсний ногоо, 2 порц жимс хэрэглэхийг зөвлөжээ. Өөх тосны хувьд омега-3-аар баялаг далайн гаралтай бүтээгдэхүүн, самар, авокадо хэрэглэх, мөн хоолондоо чидун жимсний тос, цөцгийн тос, үхрийн өөхөн тос зэргийг ашиглахыг зөвлөсөн байна. Гэхдээ ханасан өөх тосны хэрэглээг өдрийн калорийн 10%-иас хэтрүүлэхгүй хязгаарлахыг анхааруулжээ. Түүнчлэн өдөрт 2–4 порц бүхэл үр тариа хэрэглэхийг тусгасан байна. Харин хэт боловсруулсан хүнс, нэмэлт элсэн чихэр, цэвэршүүлсэн нүүрс ус болон согтууруулах ундааны хэрэглээг таашаахгүй байгаа юм.
Мэргэжилтнүүдийн шүүмжлэл
Шинэ удирдамж нь өөх тос болон үр тарианы өдөр тутмын хэрэглээний талаарх зөвлөгөөнөөс үүдэн зарим нэг төөрөгдөл, санаа зовнилыг дагуулаад байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар удирдамж нь үндэслэлтэй боловч Кеннеди энэхүү шоунд өөрийн хувийн үзэл бодлыг тулгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
“Nourish” байгууллагын бүртгэлтэй хоолны эмч, магистр Жоханна Катц хэлэхдээ, шинэ пирамидад амьтны гаралтай уураг, тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн болон өөх тосыг онцолсон нь мэргэжилтнүүдийн дунд санаа зовоосон асуудал үүсгээд байгааг тэмдэглэжээ. Тэрээр “Пирамид нь зөвхөн эрүүл хүнсийг нэрлээд зогсдоггүй, түүний хэмжээ болон байршил нь тухайн хүнсийг хоолны дэглэмд хэр зэрэг чухал байр суурьтай орох ёстойг илэрхийлдэг” хэмээн тайлбарласан байна.