Дэлхийн албан ёсны гольфын чансаанд (OWGR) тэргүүлэгч Скотти Шеффлер болон хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Рори МакИлрой нарын хоорондох онооны зөрүү дэлхийн бүх мэргэжлийн гольфчдыг нийлүүлснээс ч илүү хол болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэхүү үзүүлэлт нь гольф сонирхогчдын дунд маргаан дагуулж эхэлжээ.
Golf Digest-ийн онцолсноор, дэлхийн шилдэг хоёр тоглогчийн онооны зөрүү 97.6 хувьд хүрсэн бөгөөд энэ нь МакИлрой болон чансааны дараагийн 6,000 орчим (нийт 9,000 гаруй) тамирчны хоорондох зөрүүнээс ч их үзүүлэлт болжээ. Одоогоор Скотти Шеффлер 743 гаруй оноотойгоор чансааг тасархай тэргүүлж байгаа бол Рори МакИлрой 376 гаруй оноотой удаалж байна.
Шеффлер энэ улиралд PGA Tour-ийн хоёр тэмцээнд түрүүлж, таван удаа хоёрдугаар байр, 12 удаа шилдэг 10-т багтсан юм. Харин МакИлрой энэ жил Masters тэмцээнд нэг түрүүлж, шилдэг 10-т дөрвөн удаа орсон байна. Зарим хүмүүс МакИлрой энэ улиралд 12 гараанд гарсан бол Шеффлер 18 тэмцээнд оролцсон тул харьцуулалт бүрэн шударга биш гэж маргаж болзошгүй ч сүүлийн үед МакИлройн амжилт хангалтгүй байгаа юм. Тэрбээр U.S. Open-д 32-р байр хуваалцаж, The Open Championship-д 40-р байр, St. Jude Championship-д 66-р байрт шалгарчээ.
Шеффлер чансааны тэргүүн байрт нийт 160 долоо хоногийг дараалан өнгөрүүлээд байгаа бөгөөд энэ амжилтаараа зөвхөн Тайгер Вүүдсийн ард бичигдэж байна. Түүний 2024 оны улирал нь OWGR-ийн түүхэнд Тайгер Вүүдсийн гурван улирлын дараа дөрөвдүгээрт орох шилдэг амжилтаар үнэлэгджээ. МакИлрой St. Jude-ийн дараа өөрийн тоглолтод итгэл алдарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоогоор түүний нэг тэмцээнд авах дундаж оноо 8.94 байгаа нь Шеффлерийн тал хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм. Түүнчлэн FedEx Cup-ын жагсаалтыг Шеффлер тэргүүлж, МакИлрой 13-р байрт бичигдэж байна.
Хэдийгээр эдгээр хоёр тамирчны хэн нь ч 683 долоо хоног тэргүүлсэн Тайгер Вүүдсийн түүхэн дээд амжилтад хүрээгүй ч энэхүү чансааны зөрүү хөгжөөн дэмжигчдийг хоёр талцуулаад байна. Шеффлерийн зарим дэмжигч түүнийг дөрвөн жил дараалан хүртсэн оны шилдэг тоглогчийн шагналыг дахин авах ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ.