Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг, дуучин, бүжиг дэглээч, жүжигчин Теяна Тейлор 2026 оны BET (Black Entertainment Television) шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг икон” буюу Icon of the Year шагналыг хүртэхээр болжээ. Түүний урлагт оруулсан хувь нэмэр, өвөрмөц хэв маяг, олон талт авьяасыг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгож байгаа юм.

Теяна Тейлор нь R&B урсгалаар уран бүтээл туурвидаг бөгөөд зөвхөн дуу дуулаад зогсохгүй бүжиг дэглэлт, загварын ертөнцөд өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн уран бүтээлч юм. Тэрээр өмнө нь Канье Уэст зэрэг дэлхийн оддын тоглолт, клипүүд дээр ажиллаж, өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлснээрээ залуу үеийнхний дунд томоохон нөлөөлөгч болсон билээ.

Энэ жилийн ёслолыг алдартай хошин шогч, контент бүтээгч Друски (Druski) хөтлөн явуулахаар болсон бөгөөд арга хэмжээ зургаадугаар сарын 28-нд Лос-Анжелес хотын "Peacock Theater"-т болох юм. BET-ийн зүгээс Теяна Тейлорыг шагнахаар болсон нь түүний сүүлийн жилүүдийн уран бүтээлийн амжилт болон соёл урлагийн салбарт үзүүлж буй нөлөөг дахин нэг удаа баталж байна.

Дэлхий даяар сая сая үзэгчдийг цуглуулдаг энэхүү ёслол нь хар арьст уран бүтээлчдийн хөгжим, кино, спортын салбарт гаргасан амжилтыг алдаршуулдаг уламжлалтай. Теяна Тейлорын хувьд энэхүү шагнал нь түүний карьерын дараагийн том амжилт болж байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг тайзан дээр гарах мөчийг тэсэн ядан хүлээж байна.