Технологийн аварга Apple компани 2026 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Энэхүү арга хэмжээ нь Тим Күүкийн хувьд гүйцэтгэх захирлын хувиар оролцож буй хамгийн сүүлийн тайлангийн хурал байв. Тэрээр есдүгээр сарын 1-нээс эхлэн компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа орхиж, удирдах зөвлөлийн даргын үүрэгт шилжихээр болжээ.
Тим Күүк өөрийн залгамжлагчаар Apple-ийн техник хангамжийн инженерчлэл хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Жон Тернус-ыг нэрлэж, түүний удирдлагад бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Күүк хурлын төгсгөлд “Энэ бол миний оролцож буй хамгийн сүүлийн тайлангийн хурал байх болно. Жон ирээдүйд энэхүү хурлуудыг удирдан явуулна. Шилжилтийн үйл явц маш жигд явагдаж байна” хэмээн онцолсон юм.
Шинэ удирдагчийн сорилт
Жон Тернусын хувьд Apple-ийг удирдах анхны томоохон сорилт нь есдүгээр сард худалдаанд гарахаар хүлээгдэж буй iPhone 18 загварын нээлт байх төлөвтэй байна. Компанийн зүгээс шинэ захирлын нэр хүндийг бэхжүүлж, олон нийтийн итгэлийг даах чадвартайг нь харуулахын тулд Күүк, Тернус хоёрыг олон нийтийн өмнө хамтдаа гаргах болсон.
Тэд саяхан Apple TV-ийн "Ted Lasso" цувралын дөрөвдүгээр бүлгийн нээлтийн үеэр хамтдаа үзэгдсэн бөгөөд Тим Күүк “Жон бол энэ үүрэгт хамгийн тохиромжтой хүн” хэмээн магтсан байна. Тернус өөрөө ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж, “хүмүүс юу болохыг хүлээх хэрэгтэй” гэж хариулжээ.
Санхүүгийн үзүүлэлт
Apple компани 2026 оны гуравдугаар улиралд 109.4 тэрбум долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 54.3 тэрбум долларыг зөвхөн iPhone-ийн борлуулалт бүрдүүлжээ. Шинэ захирал Жон Тернус компанийг тогтвортой үргэлжлүүлэн авч явах төлөвтэй байгаа бөгөөд хиймэл оюун ухааны технологийн салбарт өрсөлдөхөд анхаарлаа хандуулж байна.