Цахим сүлжээгээр тархсан бичлэгээс үзвэл, Америкийн алдартай рэппэр Трэвис Скотт DJ Жон Саммитын тоглолтын үеэр тайзан дээр гэнэт гарч ирэн, хөгжмийн хэрэгсэл дээгүүр нь даван харайж, өөрийн дуугаа эхлүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь хөгжмийн ертөнцийнхний дунд томоохон шүүмжлэлийг дагуулаад байна.

Жон Саммит бол дэлхийн электрон хөгжмийн тайзнаа эрчимтэй танигдаж буй Америкийн алдартай DJ бөгөөд продюсер юм. Тэрээр тухайн үед өөрийн сетээ тоглож байсан ч рэппэр Трэвис Скотт тоглолтын хуваариас хоцорч ирсэн атлаа тайзыг шууд эзлэн авч, DJ-ийн тоглолтыг тасалдуулсан нь олон хүний гайхшралыг төрүүлжээ. Үйл явдлын дараа Жон Саммит өөрийн байр сууриа илэрхийлж, рэппэр залууг тайз руу хүчээр “дайрсан” хэмээн мэдэгдсэн байна.

Трэвис Скотт нь өөрийн эрчимтэй, хатуу ширүүн тоглолтуудаараа алдартай ч бусад уран бүтээлчийн орон зай, цаг хугацааг хүндэтгээгүй энэ үйлдэл нь мэргэжлийн ёс зүйд нийцэхгүй байна гэж шүтэн бишрэгчид нь үзэж байна. Одоогоор Трэвис Скоттын багийн зүгээс энэ асуудалд албан ёсны тайлбар өгөөгүй байгаа юм.

Хөгжмийн салбарт уран бүтээлчид бие биеэ хүндэтгэх нь хамгийн чухал зарчим байдаг. Хэдийгээр Трэвис Скотт дэлхийн хэмжээний од ч гэлээ, тайзны цаг хугацааг булааж, бусад уран бүтээлчийн ажлыг ийнхүү тасалдуулсан нь цаашид томоохон фестиваль, арга хэмжээний зохион байгуулалтад сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж салбарын шинжээчид дүгнэж байна.