Украин улсын Starlink болон Starshield хиймэл дагуулын сүлжээний хурд өмнөх түвшиндээ хүрч, бүрэн сэргэснийг тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский бямба гарагт мэдэгдлээ.

Уг хиймэл дагуулын сүлжээний хурдыг хязгаарласнаас үүдэн фронтын тэргүүн шугам дахь цэргийн ажиллагаанд долоо хоног гаруйн хугацаанд саатал үүсээд байсан юм. Харин Володимир Зеленский өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Хурд одоо байх ёстой хэмжээндээ хүрлээ" хэмээн онцолсон байна.

Ерөнхийлөгчийн дурдсанаар сүлжээг сэргээх ажиллагаа шөнө эхэлж, бямба гаргийн өглөө гэхэд шаардлагатай хэмжээнд хүрсэн аж. Ингэснээр тэргүүн шугамын ложистикийн үйл ажиллагаа болон Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй Shahed дрон-уудаас хамгаалах батлан хамгаалах чадавх сайжирчээ.