Америкийн поп хөгжмийн домог, “The Four Seasons” хамтлагийн гоцлол дуучин Фрэнки Валли 2026 онд хийхээр төлөвлөж байсан “The Last Encores” нэртэй сүүлчийн тоглолтын аялан тоглолтоо бүрэн цуцалжээ. Тоглолтууд зургадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд болох байсан юм.

Түүний баг энэхүү шийдвэрийг дуучны эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж байгаатай холбон тайлбарласан байна. Фрэнки Валли өөрөө энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа ч түүний фэнүүд эрүүл мэндийн асуудал нь тийм ч хөнгөн биш гэж таамаглаж байна.

Фрэнки Валли бол 1960-аад оны Америкийн поп хөгжмийн хамгийн том төлөөлөгчдийн нэг юм. Тэрээр “Sherry”, “Big Girls Don't Cry”, “Walk Like a Man”, “December, 1963 (Oh, What a Night)” зэрэг олон арван хит дуугаараа дэлхий дахинд танигдсан. Түүний өвөрмөц өнгө, хүчтэй хоолой нь түүнийг хөгжмийн түүхэнд мөнхөлсөн билээ.

Түүний тоглолтууд цуцлагдсантай холбоотойгоор тасалбар худалдан авсан хүмүүст мөнгийг нь буцаан олгох болно. Фрэнки Валлид эрүүл энхийг хүсэн ерөөе!