Гэр бүл болсны дараа хосууд санхүүгээ нэгтгэж, хамтын амьдралаа илүү тогтвортой, тав тухтай болгохыг эрмэлздэг. Гэвч MarketWatch сайтад нийтлэгдсэн нэгэн бүсгүйн түүх энэ асуудал үргэлж тийм амархан шийдэгддэггүйг харууллаа. Нэрээ нууцалсан уг бүсгүй нөхөр нь хуучин байшингаа зарахгүй гэж зүтгэж байгаагаас болж тэдний гэр бүлийн харилцаанд сэв суугаад байгаа талаар гомдолложээ.
Хосуудын амьдарч буй хоёр байшин хоорондоо ердөө 20 милийн (ойролцоогоор 32 км) зайтай аж. Гэвч нөхөр нь өдөр бүр шахуу хуучин байшин руугаа давхиж, тэндээ цагийг өнгөрөөдөг байна. Эхнэрийнх нь үзэж байгаагаар, хэрэв нөхөр нь тэрхүү байшингаа зарж, мөнгөө нэгтгэвэл тэд санхүүгийн хувьд илүү эрх чөлөөтэй болж, илүү тав тухтай орчинд хамтдаа амьдрах боломжтой юм. Гэвч нөхөр нь энэ саналыг хүлээж авах нь бүү хэл, маш ууртай хандаж, хэлэлцэхээс ч татгалздаг гэнэ.
Санхүүгийн зөвлөхүүдийн үзэж байгаагаар, ийм төрлийн маргаан нь зөвхөн мөнгө төгрөгтэй холбоотой бус, харин үл хөдлөх хөрөнгөдөө өгч буй сэтгэл зүйн ач холбогдол, өмчлөх эрхийн мэдрэмжтэй нягт холбоотой байдаг. Нөхрийн хувьд тухайн байшин нь зүгээр нэг барилга биш, харин түүний хувьд аюулгүй байдал эсвэл өнгөрсөн дурсамжийн бэлгэдэл байж болох талтай. Гэсэн хэдий ч, эхнэрийнх нь хувьд өдөр бүр шахуу хол зам туулан явах нь гэр бүлийн цаг хугацааг хулгайлж, харилцаанд нь сөргөөр нөлөөлж байна.
Энэхүү түүх нь орчин үеийн хосуудын дунд тулгардаг “миний өмч” ба “бидний амьдрал” гэсэн хоёр ойлголтын зөрчлийг тодоор харуулж байна. Эхнэр нь өөрийгөө үндэслэлгүй шаардлага тавьж байна уу, эсвэл нөхөр нь гэр бүлийнхээ ирээдүйн төлөө буулт хийх ёстой юу гэдэг нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна. Таны бодлоор, гэр бүлийн санхүүгийн төлөө хувийн өмчөө золиослох нь зөв үү?