Хиймэл оюун ухааны (AI) салбарын хөгжлийг дагаад эрчимтэй өссөн технологийн компаниудын хувьцааны ханш сүүлийн долоо хоногт эрс уналаа. CNBC-ийн мэдээлснээр, хамгийн үнэ цэнтэй чип үйлдвэрлэгч 20 компанийн зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд доллараар буурсан байна.
Хөрөнгө оруулагчдын болгоомжлол
Энэхүү уналтыг голлон удирдсан Nvidia компани л гэхэд баасан гарагийн хаалтын ханшаас хойш 238 тэрбум долларын алдагдал хүлээжээ. AI салбарын хөгжилд хамгийн их ашиг олж байсан тус компанид хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэлсэн нь энэ салбарт итгэл сулрах том дохио болж байна. Мөн санах ойн чип үйлдвэрлэгч SK Hynix 176 тэрбум, Samsung 173 тэрбум, Taiwan Semiconductor (TSMC) 119 тэрбум, Micron 113 тэрбум, AMD 110 тэрбум долларын алдагдалтай байна.
Зардал ба ашигт ажиллагааны зөрүү
Технологийн салбарт AI-ийн хэрэгцээ өссөнөөр RAM болон SSD хадгалах төхөөрөмжийн эрэлт нэмэгдэж, энгийн хэрэглэгчдэд очих нийлүүлэлт хомсджээ. Үүнээс үүдэн Apple зэрэг хэрэглээний технологийн компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Morningstar-ийн ахлах стратегич Майкл Филдийн хэлснээр, энэхүү уналт нь компанийн суурь үзүүлэлтээс илүүтэйгээр хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй, итгэл алдарсантай холбоотой ажээ.
Хөрөнгө оруулагчдын санаа зовж буй гол шалтгаан нь AI салбарын аварга компаниуд асар их орлого олдог ч, олсон ашгаасаа хавьгүй их зардлыг дэд бүтцэд зарцуулж байгаа явдал юм. Жишээлбэл, OpenAI компани өнгөрсөн жил 38.5 тэрбум долларын цэвэр алдагдалтай ажилласан бөгөөд 2030 он хүртэл дэд бүтцэд 750 тэрбум доллар зарцуулахаа зарлаад байна. Мөн Google компани AI дэд бүтцийн зардлаас шалтгаалан түүхэндээ анх удаа сөрөг мөнгөн урсгалтай улирлыг үджээ. Хэдийгээр хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй хурдан өөрчлөгдөх боломжтой ч одоогоор энэ салбарт томоохон болгоомжлол үүсээд байна.