Хормузын хоолойгоор дамжин өнгөрдөг олон улсын тээвэр саатах нь зөвхөн газрын тосны үнэд нөлөөлөөд зогсохгүй дэлхийн хүнсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Дэлхийн бордооны бараг гуравны нэг нь энэхүү хоолойгоор дамждаг бөгөөд Катар зэрэг орноос нийлүүлэлт хийгддэг ажээ. Ираны дайны улмаас бордооны үнэ огцом өсөж, энэ нь дэлхий даяар хүнсний үнэ нэмэгдэх нэг шалтгаан болоод байна.

Уламжлалт арга ба түүний эрсдэл Одоогоор бордоог ихэвчлэн зуу гаруй жилийн өмнө хөгжүүлсэн Хаберийн процесс (Haber process)-ийг ашиглан байгалийн хийнээс гарган авдаг. Энэ нь байгаль орчинд хортой ялгаруулалт ихтэй төдийгүй нийлүүлэлтийн сүлжээний хувьд өндөр эрсдэлтэй юм. Байгалийн хийн нөөц багатай улс орнууд энэ нөхцөл байдалд хамгийн их өртөж байна. Украины дайны нэгэн адил Иран дахь мөргөлдөөн нь байгалийн хий болон бордооны нийлүүлэлтийг хоёуланг нь тасалдуулж байна.

Шинэ технологиуд Энэхүү хамаарлыг бууруулах зорилгоор олон гарааны компаниуд байгалийн хий ашиглахгүйгээр бордоо үйлдвэрлэх шинэлэг аргуудыг хөгжүүлж байна. Тухайлбал, Ostara компани нь АНУ-ын бохир ус цэвэрлэх байгууламжуудаас азот, фосфорыг ялган авч бордоо болгон хувиргадаг бол Финландын NPHarvest компани нь мембран болон химийн аргыг ашиглан эрчим хүч бага зарцуулж, ижил үр дүнд хүрдэг байна.

Мөн Stanford их сургуулиас салбарлан гарсан Recovered Potential компани нь цахилгаан ашиглан бохир уснаас аммиакийг ялган авах технологийг туршиж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Киндл Уильямс уг төхөөрөмжүүд нь бага зай талбай эзэлдэг, өртөг багатай гэдгийг онцолжээ. Гэсэн хэдий ч бохир уснаас гарган авах бордоо нь дэлхийн нийт хэрэгцээний ердөө 20-30 хувийг л нөхөх боломжтой юм.

Үүнээс гадна Pivot Bio, Kula Bio зэрэг компаниуд биотехнологийн аргаар хөрсөн дэх микробуудыг ашиглан ургамлын азот шингээлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Харин Nitricity компани нь сэргээгдэх эрчим хүч болон хөдөө аж ахуйн хаягдал ашиглан органик бордоо үйлдвэрлэхээр төлөвлөж байна.