Дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчтэй, эмнэлгийн сэдэвтэй 'House M.D.' цувралын гол дүр, Британийн нэрт жүжигчин Хью Лори цувралынхаа талаарх шүүмжлэлд хатуухан хариу өгч, олон нийтийн дунд маргаан дэгдээлээ.

Цувралыг үзэгчдийн зарим хэсэг нь 'анги бүр нь яг ижилхэн бүтэцтэй, эмнэлгийн уйтгартай процедур давтагддаг' хэмээн шүүмжилсэн байна. Тодруулбал, өвчтөн ирдэг, онош нь тодорхойгүй байдаг, Грегори Хаус түүнийг нь олдог гэх дарааллаар үйл явдал өрнөдөг гэж үзжээ. Харин энэ шүүмжлэлийн хариуд Хью Лори өөрийн байр сууриа илэрхийлж, 'Хэрэв танд энэ цуврал зөвхөн эмнэлэг, эмнэлгийн холбогдолтой яриа гэж харагдаж байгаа бол, энэ цуврал танд зориулагдаагүй байна' хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр 'House M.D.' нь зөвхөн өвчин оношлох тухай биш, харин хүний мөн чанар, ёс суртахуун, нийгмийн харилцаа болон гол дүрийн дотоод зөрчлийг харуулсан гүн гүнзгий утга агуулгатай бүтээл гэдгийг онцолсон байна. Түүний энэхүү тайлбар нь шүтэн бишрэгчдийн дунд хоёр талтай хүлээж авсан хэлэлцүүлгийг өрнүүлээд байна. Зарим нь түүнийг дэмжиж, цувралын философийг ойлгоогүй хүмүүсийн шүүмжлэл гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь зохиолын бүтэц үнэхээр давтагдмал болсон гэдэгтэй санал нэгдэж байна.

Хью Лори нь уг дүрээрээ 'Алтан бөмбөрцөг' наадмын шагнал хүртэж байсан бөгөөд түүний бүтээсэн Грегори Хаусын дүр нь телевизийн түүхэн дэх хамгийн алдартай, ээдрээтэй дүрүүдийн нэгд тооцогддог юм.