Эрүүл мэндийн салбарын шинэ судалгаагаар цэвэршилт эрт эхлэх нь хожим амьдралын явцад цусны даралт ихсэх өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Энэхүү судалгааны дүнг “Menopause” сэтгүүлд нийтэлсэн байна.

Судлаачид Их Британийн эрүүл мэндийн мэдээллийн сан болох “UK Biobank”-д бүртгэлтэй, өмнө нь цусны даралт ихсэх оношгүй байсан 40 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн мэдээлэлд арав гаруй жилийн турш ажиглалт хийжээ. Судалгаагаар цэвэршилт эрт эхлэх нь цусны даралт ихсэх эрсдэлтэй шууд холбоотой болохыг илрүүлсэн байна.

Эрсдэл өндөртэй насны бүлэг

Судалгааны үр дүнгээс үзэхэд цэвэршилт 40 наснаас өмнө эхлэх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд хамгийн өндөр эрсдэл нь 25-аас 35 насанд цэвэршсэн эмэгтэйчүүдэд ажиглагджээ. Энэхүү холбоо хамаарал нь эстроген даавар нь зүрх судасны тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Мөн мэс заслын аргаар өндгөвчөө авахуулсны улмаас цэвэршилт эхэлсэн тохиолдолд бусад амьдралын хэв маяг болон эрүүл мэндийн хүчин зүйлсийг тооцсоны дараа даралт ихсэх эрсдэл нь дангаараа нэмэгддэггүй болох нь тогтоогджээ.

Урьдчилан сэргийлэх арга замууд

Цэвэршилт эрт эхлэх нь зүрх судасны өвчлөлийн нэг эрсдэлт хүчин зүйл болдог тул үүнийг анхааралдаа авах нь чухал юм. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар дараах арга хэмжээнүүд нь эрсдэлийг бууруулахад тусална:

- Даавар орлуулах эмчилгээ хийлгэх
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Эрүүл хооллолт барихаас гадна хангалттай унтаж амрах
- Цусны даралтыг тогтмол хянах
- Эмчийн заасан эмчилгээг цаг тухайд нь хийлгэх

Энэхүү судалгаа нь таргалалт, тамхи татах зэрэг цусны даралт ихсэхэд нөлөөлдөг уламжлалт эрсдэлт хүчин зүйлүүдээс гадна цэвэршилтийн хугацааг зүрх судасны эрсдэлийн хүчин зүйлд тооцохын чухлыг онцолж байна.