Америкийн алдарт Rolling Stone сэтгүүл саяхан нэгэн сонирхолтой мэдээ нийтэлжээ. Тус мэдээнд дуучин Чарли XCX (барууны залуусын дунд нэлээд алдартай поп од) болон Холливуудын жүжигчин Энн Хэтэвэй нарын хамтын ажиллагааны талаар өгүүлсэн байна. Тэд Дэвид Лоуригийн “Mother Mary” хэмээх аймшгийн киноны дууг хамтран бүтээжээ.

Дэвид Лоури бол бие даасан кино бүтээлээрээ танигдсан найруулагч юм. Түүний шинэ кино нь поп ододтой холбоотой аймшгийн түүхийг өгүүлэх бөгөөд дуу хөгжим нь киноны салшгүй нэг хэсэг болж байгаа гэнэ. Киноны хөгжмийн продюсерээр Жек Антонофф ажиллаж байгаа бөгөөд тэрээр Тэйлор Свифт, Лорд зэрэг олон алдартай дуучинтай хамтран ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Лоуригийн хэлснээр киноны дууг бүтээх явц маш хувийн шинжтэй байсан бөгөөд тэрээр Чарли XCX болон Жек Антонофф нартай нягт хамтран ажиллаж, киноны уур амьсгалыг бүрэн илэрхийлэхийг зорьжээ. Тэрээр “Энэ кинонд гарах сэтгэл хөдлөл, айдас түгшүүрийг зөвхөн дуугаар л илэрхийлж чадна гэж бодсон” хэмээн Rolling Stone сэтгүүлд ярьсан байна.

“Mother Mary” кино нь Энн Хэтэвэйн тоглосон анхны аймшгийн кино гэдгээрээ онцлог юм. Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч, поп хөгжим, аймшгийн төрлийг хослуулсан энэхүү кино залуу үзэгчдийн анхаарлыг татах нь дамжиггүй.