Америкийн хөлбөмбөгийн NFL лигийн Майами Долфинс багт зургаан улирлыг өнгөрүүлсэн довтлогч (квотербек) Туа Таговаилоа энэ улирлын завсарлагаанаар багаасаа халагдаж, улмаар Атланта Фалконс багтай 1.3 сая ам.долларын нэг жилийн гэрээ байгуулсан билээ. Түүний явсан явдал өмнөх багийнхантай нь шинэ өрсөлдөөнийг бий болгож байна.
Майами Долфинс багийн 2024 оны драфтын нэгдүгээр тойргийн сонголт, хамгаалалтын захад тоглодог Чоп Робинсон хамтарсан бэлтгэлийн дараах хэвлэлийн хурал дээр хуучин анд Таговаилоагийн эсрэг тоглохдоо биеийн хүч гаргахыг хүсэж байгаагаа ярьжээ. NFL-ийн дүрмээр хамгаалалтын тоглогчид бэлтгэлийн үеэр өөрсдийн багийн квотербект гар хүрэх, унагахыг хатуу хориглодог бөгөөд Робинсон хоёр улирлын турш Таговаилоатай бэлтгэл хийхдээ түүнд хүрэх боломжгүй байсан юм.
Сэтгүүлч Дэвид Фуронесийн мэдээлснээр Робинсон: “Үгүй ээ, энэ бол хувийн асуудал. Бид тэнд бие биенийхээ эсрэг гарч байна. Түүнийг цохиж чаддаггүй байсан тул энэ нь сонирхолтой байх болно. Одоо жинхэнэ тоглолтын цаг ирсэн учраас би түүнийг унагаж чадна. Гэхдээ тэр сайн залуу, гайхалтай багийн хамтрагч байсан” хэмээн дурджээ. Тэдний дунд ямар нэгэн өс хонзон байхгүй бөгөөд нөхөрсөг өрсөлдөөнөөс үүдэлтэй гэдгийг тодотгосон байна.
Нөгөө талд Таговаилоагийн гарааны байр суурь эргэлзээтэй болж байж болзошгүй байна. NFL Network-ийн сэтгүүлч Иан Рапопорт-ын мэдээлснээр Майкл Пеникс бага өвдөгний чагтан холбоосны бэртлээсээ эргэн ирэх гэж буй болон Таговаилоа улирлын өмнөх эхний тоглолтод Денвер Бронкосын эсрэг тааруу тоглосон зэргээс шалтгаалан Атлантагийн гарааны квотербекийн байр сууриа алдаж магадгүй нөхцөл үүсчээ.