Рок-н-роллын эрин үеийн нөлөө бүхий гитарчин, дуучин Эдди Кокраны тухай баримтат кино ирэх сард Raindance кино наадамд нээлтээ хийхээр болжээ. “Don’t Forget Me” нэртэй энэхүү кинонд Rolling Stones хамтлагийн гитарчин Кит Ричардс, The Police хамтлагийн дуучин Стинг, залуу рок од Yungblud зэрэг алдартнууд оролцож, Кокраны хөгжим тэдэнд хэрхэн нөлөөлсөн тухай ярилцлага өгсөн байна.
Кит Ричардс киноны трейлер дээр “Бид бүгд Эдди шиг байхыг хүсдэг байсан” гэж хэлсэн нь Кокраны хөгжим хэр зэрэг хүчтэй байсныг илтгэж байна. Эдди Кокран 1950-иад оны сүүлчээр “Summertime Blues”, “C’mon Everybody” зэрэг хит дуугаараа залуу үеийнхний зүрх сэтгэлийг эзэмдэж, рок-н-роллын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Харамсалтай нь тэрээр 1960 онд 21 насандаа авто ослоор нас барсан ч түүний хөгжим өнөөг хүртэл залуу уран бүтээлчдэд урам зориг өгсөөр байна.
Энэхүү баримтат кино нь Эдди Кокраны амьдрал, уран бүтээлийг шинээр нээж, түүний хөгжмийн үнэ цэнийг дахин сануулах болно гэдэгт итгэлтэй байна. Raindance кино наадмын дараа уг кино дэлхий даяар цацагдах төлөвтэй байгаа бөгөөд Монголын залуус ч гэсэн рок-н-роллын домогтой танилцах боломжтой болох нь.
Эдди Кокран бол Америкийн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч байсан бөгөөд 1950-аад оны рок-н-роллын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.