Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбоо буюу WNBA-гийн «Лас-Вегас Эйсес» багийн супер од Эйжа Уилсон 2026 оны «Хамгийн үнэ цэнтэй тоглогч» (MVP)-оор тодорлоо. Энэ нь түүний карьерын тав дахь MVP шагнал болж байна.

Энэхүү амжилтаараа тэрбээр WNBA-гийн түүхэнд анх удаа гурван улирал дараалан MVP хүртсэн анхны тоглогч болсон юм. Мөн түүнчлэн NBA-гийн түүхэнд 5 болон түүнээс дээш удаа MVP болж байсан Карим Абдул-Жаббар (6), Майкл Жордан (5), Билл Расселл (5) нарын сагсан бөмбөгийн домогт тамирчидтай зэрэгцлээ.

Өдгөө 30 настай Уилсон энэ улиралд 26.2 оноо, 9.4 самбар, карьерын дээд 3.2 оновчтой дамжуулалт, 1.9 блок дунджилж, довтолгооны 52.7%, холын зайн шидэлтийн 40.4%-ийн амжилттайгаар лигийг онооны үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Санал асуулгад тэрбээр нэгдүгээр байрын 65 санал авсан бол Миннесотагийн шинэ тоглогч Оливия Майлс зургаан саналаар хоёрдугаарт оржээ.

Түүний их сургуулийн дасгалжуулагч Доун Стэйли олон нийтийн сүлжээнд түүнийг хамгийн шилдэг нь хэмээн онцолсон бол «Nike Basketball» брэнд мөн түүнд баяр хүргэж бичлэг нийтэлсэн байна. Уилсон шүүмжлэгчдэд хандан өөрийг нь жил бүр үгүйсгэх шалтгаан хайдаг ч өөрийнх нь амжилт бодит үр дүн гэдгийг тодотгожээ.

Одоогоор түүний «Лас-Вегас Эйсес» баг хагас шигшээ цувралын гурав дахь тоглолтоо «Голден Стэйт Валкириз» багийн эсрэг баасан гарагт хийхээр бэлтгэж байна.