NBA-ийн тоглогч асан Энес Кантер Фрийдом эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн WNBA лигийн «Chicago Sky» болон «Indiana Fever» багуудын тоглолтын үеэр сандал дээрээс хөөгдөж, спортын ертөнцөд шуугиан тарилаа.

Гуравдугаар үе дуусахад 1 минут 22 секунд дутуу байхад «Chicago Sky» багийн хамгаалагч, 34 настай Наташа Клауд оноо авсныхаа дараа талбайн захад сууж байсан Кантер луу чиглэн хашхирч, хуруугаараа заажээ. Үүний шалтгаан нь Энес Кантерын өмссөн хар өнгийн футболк дээрх «WOMAN. Noun. Adult human female» буюу «Эмэгтэй хүн. Нэр үг. Насанд хүрсэн эмэгтэй хүн» гэсэн бичиг байв.

Клаудыг ойртоход Кантер суудлаасаа босон гараа алдлан талбай руу нэг алхсан бөгөөд хамгаалалтын ажилтнууд болон Sky багийн бусад тоглогчид дундуур нь орж тэднийг салгажээ. Улмаар хамгаалагчид Кантерыг Wintrust Arena ордноос бүрмөсөн гаргасан байна.

Энэхүү явдлын дараа Кантер өөрийн X хуудсаараа дамжуулан «Би зүгээр л ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ дэмжсэнийхээ төлөө WNBA-ийн тоглолтоос хөөгдлөө. Үүнийг бодоод үз дээ, АМЕРИК!» хэмээн нийтэлж, эмэгтэйчүүд өөр хоорондоо дайсагнадаг тухай байр сууриа илэрхийлжээ.

Энэхүү маргаан нь өмнө нь WNBA-ийн хамгаалагч Софи Каннингэм эмэгтэйчүүдийн спортод трансжендер эмэгтэйчүүд өрсөлдөхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэнтэй холбоотой өргөжсөн сэдэв юм. Тус мэдэгдлийн дараа Энес Кантер болон NBA-ийн тоглогч асан Ройс Уайт нар өөрсдийгөө эмэгтэй гэж зарлан, 2027 оны WNBA драфтад оролцох эрхтэй гэж мэдэгдэж байжээ.

Кантерыг ордноос хөөсөн энэ үйл явдалд холимог тулааны болон боксын ертөнцийн алдартнууд цахим орчинд хариу үйлдэл үзүүлсэн байна. Мөн UFC-ийн тайлбарлагч Жо Роган подкастаараа дамжуулан WNBA-ийн трансжендер тамирчдын талаарх байр суурийг хөндөн шүүмжилж байсан билээ.