Энэтхэгийн тэрбумтан, Reliance Industries компанийн тэргүүн Мукеш Амбани технологийн салбарт томоохон хувьсгал хийхээр зэхэж байна. Тэрээр Энэтхэгийн хамгийн том харилцаа холбооны оператор болох Reliance Jio-ийн 500 сая гаруй хэрэглэгчдэд зориулан хиймэл оюун ухааныг (AI) бүх түвшинд нэвтрүүлэх төлөвлөгөөгөө зарлалаа.

Мукеш Амбани бол Энэтхэгийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэгддэг бизнесмэн бөгөөд түүний удирддаг Reliance групп нь газрын тосноос эхлээд жижиглэн худалдаа, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч юм. Тэрээр энэ удаад хиймэл оюун ухааныг зөвхөн компьютерт бус, харин хүн бүрийн гар утасны дуудлага, аппликейшн болон гэрийн ухаалаг төхөөрөмжүүдэд нэгтгэхийг зорьж байна.

Энэхүү санаачилгын хүрээнд хэрэглэгчид өдөр тутмын үйл ажиллагаандаа хиймэл оюуны тусламжтайгаар илүү хурдан, үр дүнтэй шийдвэр гаргах боломжтой болно. Тухайлбал, дуудлагын явцад бодит цагийн орчуулга хийх, хувийн туслах аппликейшнуудыг сайжруулах, гэрийн цахилгаан хэрэгслийг хиймэл оюунаар удирдах зэрэг олон боломж нээгдэх юм. Амбани үүнийг "Jio Brain" хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ нь Энэтхэгийн дижитал дэд бүтцийг дараагийн шатанд гаргах чухал алхам гэж үзэж байна.

Технологийн салбарын шинжээчид энэ алхмыг Энэтхэг улс дэлхийн хиймэл оюуны зах зээлд өөрийн байр сууриа бэхжүүлэх гэсэн томоохон оролдлого хэмээн харж байна. АНУ болон Хятадын технологийн аварга компаудтай өрсөлдөхүйц энэхүү төсөл нь зөвхөн Энэтхэг гэлтгүй, дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухааны хэрэглээг хэрхэн хялбарчилж болохыг харуулах жишиг болох юм.

Одоогоор Reliance компани өөрийн дата төвүүдээ өргөтгөх болон хиймэл оюуныг дэмжих дэд бүтцийг байгуулахад ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Энэхүү технологи нь энгийн хэрэглэгчдэд хэрхэн хүрч, тэдний амьдралыг хэрхэн өөрчлөх нь ойрын ирээдүйд тодорхой болно.