Энэтхэгийн сансрын салбарт шинэ түүхэн хуудас нээгдлээ. Тус улсын хувийн хэвшлийн Skyroot Aerospace компанийн бүтээсэн Vikram-1 пуужин анхны нислэгээ амжилттай гүйцэтгэж, дэлхийн тойрог замд хүрсэн байна. Энэхүү үйл явдлыг Энэтхэгийн сансрын албаныхан “асар том амжилт” хэмээн онцоллоо.
Пуужин Энэтхэгийн зүүн өмнөд эрэгт байрлах Шрихарикота арлын сансрын буудлаас орон нутгийн цагаар үд дунд хөөрсөн байна. Хөөргөх ажиллагааны явцад техникийн асуудал үүссэний улмаас тооллогыг хагас цагаас илүү хугацаагаар хойшлуулсан ч асуудлыг шийдвэрлэсний дараа пуужингийн хатуу түлшээр ажилладаг нэгдүгээр шатны хөдөлгүүрийг асааснаар хөөргөх команд өгөгдсөн юм.
Vikram-1 пуужин нь 280 миль буюу ойролцоогоор 450 километрийн өндөрт байрлах тойрог замд амжилттай хүрсэн байна. Энэхүү пуужин нь 72 фут (22 метр) өндөртэй бөгөөд нам орбитын тойрог замд 770 фунт (350 килограмм) хүртэлх ачааг тээвэрлэх хүчин чадалтай юм.
Хэмжээний хувьд Vikram-1 нь Энэтхэгийн үндсэн хэрэглээний том пуужингуудтай харьцуулахад харьцангуй даруухан үзүүлэлттэй боловч жижиг хиймэл дагуул хөөргөх салбарт дэлхийд тэргүүлэгч Rocket Lab компанийн Electron пуужингаас арай том хэмжээтэй юм. Энэхүү нислэг нь Энэтхэгийн анхны бүрэн арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөгч пуужин болж байгаагаараа онцлогтой.